ХААН банкны хувьцаа зардагдсан эсэх, үүнийг хэн авсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гол сэдэв болоод байгаа. Эл асуудлыг олны анхааралд авчирсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тус хувьцааг авсан байж болзошгүй эрхмүүдийг бүртгэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад тус эздийг дараах байдлаар дэлгэжээ.
"ХААН-ы эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол МОЯА-чуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил. Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд ХААН банкны асуудал босгож ирсэн гэж. Эхнэрээ гуйж Монцамэ-гийн дарга болж байсан А. Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь би дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ" хэмээжээ.
Г.Учрал