Сүүлийн үед өргөн нэвтрүүлгийн суваг болгоноор шахуу оргил цагуудаар хонжворт сугалааны тохиролууд явагдаж аз ёндоогоо үзэхийг уриалж байна. Цахим орчинд бол бүр ч хэмжээ хязгаар алдаж, хүссэн бүхэн л сугалаа зарлаж байна. Фэйсбүүк группууд сугалаа зохион байгуулж, машин юм уу үнэт эдлэл амлаад дундаас нь нэг азтан шалгаруулдаг болов.
Сонгинохайрхан дүүрэгт УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байсан А.Отгонбаатар хэдхэн хоногийн өмнө “Өвлийн идэш”-ний азтан тодруулах сугалаа явуулсан гэхчлэн имэрхүү жишээ захаас аван бий.
Иймэхүү сугалааны араас хүмүүс ч их хуйлардаг бололтой юм. Гадныхан бол энэ монголчууд азанд итгэж амьдардаг болсон юм уу гэмээр.
Ард түмний амьдрал ахуй дорой хэцүү байгаа ийм үед азанд итгэгчид олшрох нь тодорхой. Нийгмийн ийм сэтгэл зүй дээр тоглолт хийж сугалаа нэртэй луйварыг хэн дуртай нь зохион байгуулдаг болчихжээ.
“Үнэн, шударга ҮНДЭСНИЙ СУГАЛАА-ны азтан болоорой” гэж уриалж дуудаж өдөр бүр телевиийн хэд хэдэн сувгаар гардаг “Үндэсний сугалаа”-аас азаа үзээгүй хүн бараг л үгүй байх. “Үндэсний сугалаа”-нд азаа сорьсон хүний тоог гаргаснаас үзээгүй үлдэж хоцорсныг нь тоолбол арай амар хялбар байж мэднэ. Харин энэ сугалааг зохион байгуулж байгаа “Саятан лото” ХХК-ны хувьд хуучин туршлагатай, Сангийн Яамнаас "Эд мөнгөний хонжворт сугалаа"-ны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа шударга явуулдаг гэх тодотголтой юм билээ.
Гэхчлэн хаа сайгүй сугалаа. Энэ мэтийн юманд азаа үзэх адын хүсэл ч бас хүн бүрд байдаг бололтой юм. Сугалаа үнэхээр шударга явагддаг бол азаа үзэхэд алдах юу байхав. Харамсалтай нь өнгөлөн далдалсан луйвар явагддагийг зарим жишээнээс харж болно. “Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна.
Өмнө нь бас нэг сугалааны шууд дамжуулалтын үеэр хажуу тал руугаа сугалаа шидэж буй дүрс бичлэг цацагдаж байв. Мөнөөх шударга, үнэн гэсэн тодттголтой сугалаануудын шалгаруулалт иймэрхүү ил цагаан луйвар болсонд иргэд бухимдалтай ханддаг. Нэг компанийн энэ мэт увайгүй үйлдэл шударга үнэнээр ажиллаж байгаа бусад компаниудын нэр хүндийг сэвтүүлж байгаа нь бүр харамсалтай.
Өчигдөр дээрхи “Хийморь” сугалааг зохион байгуулагчдыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагаа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Тэрбээр “Энэ асуудлаар ЦЕГ-ын дарга Ж.Болдод хаяглаж, хмтарсан шалгалт хийх албан бичгээ хүргүүллээ...Үүний ард мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байхыг ч үгүйсгэхгүй” гэжээ.
Түүний хэлснээр “Энэ удаагийн зөрчил мөн л Эгнэшгүй компанийнх байж болзошгүй байна. Хэрвээ мөн байвал хоёр удаа давтан ийм үйлдэл гаргасан асуудлаар Сангийн яам тусгай зөвшөөрлийг нь цуцалж, АТГ-д хандах ёстой” гэсэн юм.
Монголын төр НӨАТ-ын гэх албан ёсны сугалаатай. Уг зорилго нь НӨАТ төлөхийн ач холбдоглоыг сурталчлан таниулах, худалдан авалтыг дэмжих, бас буцаан олгож байгаа хоёрхон /2%/ хувиа зөөллөх цаад агуулгатай.
Гэвч энэ сугалаа бас л шударга бус явагддаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн "36 удаа азтан болсон талаарх" мэдээллийг олон нийтийн сүлжээнд байрлуулж байв.
ШӨХТГ энэ мэдээллийн мөрөөр НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байв. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ “бид НӨАТ-ын IT инженер үнэхээр 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шалгаж байна” гэж мэдээлж байв
Энэ мэтээр Монголд суглааны нэр хүнд муу, иргэдийн итгэлийг бүрэн дүүрэн хүлээж чадаагүй байна. Ном журмаараа хонжворт сугалаа гэдэг нь тодорхой нарийн шалгууртай. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин тус яамнаас зөвшөөрөл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой гэхчлэн олон шалгуур буй.
Сангийн яам энэ өгсөн зөвшөөрлийнхөө араас өнгийж харж дахин нэг шигшиж үзэх хэрэгтэй юм шиг байна.
Г.Учрал