
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Польш-Беларусийн хил дээрх цагаачдын хямралын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдсэн гэдгээ "Россия 1" телевизийн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Польш, Беларусийн хилийн байдал эрс муудсаны дараа Оросын удирдагч Беларусийн төрийн тэргүүнтэй энэ сэдвээр хоёр удаа утсаар ярьжээ. Тэрээр мөн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой өмнө нь энэ асуудлаар хэзээ ч ярилцаж байгаагүй гэдгээ нэмж хэлсэн байна.
Орсын төрийн тэргүүн Беларусь Польш, Латвийн хил дээрхи дүрвэгсдийн эх үүсвэр шалтгаан нь Барууны орнуудад байгаа, харин Беларустай холбоогүй гээд Европын холбооны орнууд Беларустай шууд яриа хэлэлцээ өрнүүлж, хямралыг шийдвэрлэх арга замыг хамт эрэлхийлэхийг санал болгожээ.
В.Путин "ОХУ-ын нэгдүгээр суваг”-т ярилцлага өгөх үеэрээ энэ удаагийн хямралын хэргийн эзэн нь Беларусь биш, харин Барууны орнууд юм. Барууны орнууд Ирак болон Афганистаны дайныг дэгдээснээс болж олон мянган иргэн эх орноосоо дүрвэх шалтгаан болсон гэжээ.
Тэрбээр “Асуудал үүсгэсэн шалтгаан нь улс төр, цэрэг арми, эдийн засгийн шинж чанартай шалтгаан. Яагаад цэрэг армийн шинж чанартай гэж үзэх вэ гэвэл тэд бүгд Иракийн цэрэг армийн үйл ажиллагаанд оролцсон. Дүрвэгсдийн ихэнх нь Иракийн Курдууд юм. Тэд Афганистанд 20 жил дайн хийсэн учраас одоо Афганистаны дүрвэгсэд улам олон болж байна. ”
Польшийн цэргүүд Беларусийн хил дээр дүрвэгсдийг зодож, толгой дээгүүр нь буудаж, шөнөөр дүрвэгсдийн дэргэд гэрэл болон дуут дохио асаасан гэж В.Путин буруушаажээ. Тэрээр хэлэхдээ, Европын Холбооны орнууд Беларустай шууд яриа хэлэлцээ хийж, энэ хямралыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

ОХУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц Беларусийн агаараар эргүүл хийсэн тухай сэтгүүлчийн асуултад В.Путин хариулахдаа, энэ цэргийн ажиллагаа нь дүрвэгсдийн асуудалтай холбоогүй. Харин Барууны орнуудын цэргийн заналхийллийн эсрэг авч буй хариу арга хэмжээ юм гэжээ. Тэрээр АНУ болон түүний Барууны холбоотнууд Хар тэнгисийн бүс нутагт тэнгисийн цэрэг, стратегийн агаарын хүчин ашиглан хийсэн сургуулилт нь төлөвлөгөөнөөс гадуур үйлдэл юм. АНУ-ын B-51 бөмбөгдөгч онгоц нь хуучирсан загвар боловч стратегийн зэвсэг тээвэрлэж оролцсон учраас ОХУ-ын хувьд ноцтой сорилт болж байна гэжээ.
"Агаарын стратегийн хүчин дүрвэгсдийн хямрал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Бид Беларусийн мэргэжил нэгтнүүдтэйгээ төлөвлөгөөт сургуулилтаа хийж байна. Энэ бол хоёр улс хоорондын хэвийн үйл ажиллагаа юм. Яагаад гэвэл манай Барууны түншүүд ч хэвийн юм уу хэвийн бус, түүнчлэн төлөвлөгөөнөөс гадуур иймэрхүү сургуулилтуудыг байнга хийдэг. "
Беларусийн Лукашенко 11-ний өдөр Европын холбоо хэрэв дүрвэгсдийн асуудлаар Беларуст чиглэсэн хориг арга хэмжээгээ өргөжүүлбэл Беларусь өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Ямал-Европын байгалийн хийн хоолойг хааж, ОХУ-аас Европын орнуудад нийлүүлэх байгалийн хийг тасална гэжээ. Үүнтэй холбогдуулан В.Путин хэлэхдээ, саяхан Лукашенкотой хоёр удаа утсаар ярихад хилээр нь дамжин өнгөрөх байгалийн хийн нийлүүлэлтийг таслах асуудлыг хөндөөгүй. Беларусь тийм зүйл эрхтэй гэж би хувьдаа бодож байгаа. Гэхдээ үүний үр дагавар нь холбогдох талуудад сайнаар тусахгүй.

"Мэдээж онолын хувьд бол байгалийн хийг дамжин өнгөрүүлж буй орны ерөнхийлөгч Лукашенко тушаал буулгаж, Европ руу байгалийн хий нийлүүлэх манай үйл ажиллагааг зогсоох бүрэн боломжтой. Гэхдээ энэ нь манай хоёр улс хоорондын хил дамжин зөөвөрлөх гэрээг зөрчих болно. Арай тийм хэмжээнд хүрэхгүй гэдэгт найдаж байна.
Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл Лукашенкогийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ, шинээр хориг арга хэмжээ авах аюул заналхийлэл ерөөс тасрахгүй байна. Беларусь хэрэв байгалийн хийг улсаар нь дамжин нийлүүлэхийг зогсоох юм бол Европын эрчим хүчний салбарт ноцтой хохирол учруулах болно. Манай улс болон байгалийн хий дамжин өнгөрдөг Беларусь хоорондын харилцаанд ч тусгүй хэрэг" гэжээ.

