Хятад улс АНУ-ын тагнуулын байгууллагын хувьд улам бүр хэцүү бай болж байна. Энэ тухай Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээлэв.
АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ойр дотны хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байгаад сэтгэл дундуур байна. Үүний зэрэгцээ Вашингтон улс төрийн аливаа шийдвэр гаргахад Бээжингийн дараагийн алхмуудыг ойлгох шаардлагатай байгаа тул Хятад болон түүний дээд удирдлагын талаарх тагнуулын мэдээллийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна гэж эх сурвалжууд онцолжээ.
Энэ нь ялангуяа Тайванийн асуудлаас эхлээд өндөр технологи хүртэлх янз бүрийн салбарт хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсч байгаатай холбоотой юм.
Түүнчлэн Дональд Трамп, Жо Байден нарын засаг захиргааны хувьд “Хонконгт эрх мэдлээ нэгтгэсэн, Өмнөд Хятадын тэнгист цэргийн хүчээ үзүүлж буй байдал, COVID-19-ийн гарал үүслийг судлах боломжийг хязгаарлах зэрэгт Хятад улсын үзүүлсэн шийдвэртэй үйлдлүүд тун гэнэтийн зүйл байлаа. Тэд мөн АНУ-д хувьцаагаа байршуулах гэж буй компаниудад дарамт шахалт үзүүлснээс гадна Хятадын цөмийн зэвсэг Пентагоны таамаглаж байснаас илүү хурдацтай өсч байна гэж мэдэгдэв.
Өмнө нь Пентагон БНХАУ-ын цэргийн хүчний талаарх тайланг нийтэлсэн юм. Тус баримт бичигт "Хятадын цөмийн хөтөлбөрийн өнөөгийн хөгжлийн хурд нь АНУ-ын Батлан хамгаалах яамны 2020 онд гаргасан таамаглалаас давж байна" гэж тэмдэглэжээ.