УИХ-ын гишүүн Г.Амартүвшингөөс Хан-Уул дүүрэгтэй холбоотой зарим асуудлын талаар тодруулга авлаа.
-Хан-Уул дүүрэгт ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна. Тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд та уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд нэгдүгээрт цагдаагийн алба хаагчдыг техник хэрэгслээр бүрэн хангахад анхаарч байна. Тухайлбал автомашин, харилцаа холбооны хэрэгслийг шийдвэрлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт саналаа илэрхийлж, хамтран ажиллаж байна. Мөн камержуулалтыг сайжруулах, хяналтын 1500 гаруй камерын үйл ажиллагааг 100 хувь хэвийн болгох шаардлага бий. Х.Нямбаатар сайдтай хамтран төсвийн асуудлын шийдэхээр ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарч байж гэмт хэргийн гаралт буурна.
-Хөл хөдөлгөөн ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, талбайг камержуулахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч өгөөч гэсэн саналыг цагдаагийн алба хаагчдаас тавьж байх шиг байсан?
- Камер суурилуулсан ч тэрийг арчлах, засварлах урсгал зардлын шийдээгүйгээс эвдэрсэн камераа засаж чаддаггүй асуудал гарч байна. Урсгал зардлыг шийдэхэд ямар нэгэн асуудал гарахгүй болов уу. Төсвийн асуудлыг шийдсэний дараагаас Цагдаагийн газар нь өөрөө хяналтын камераа арчлаад явна. Энэ бол хамгийн зөв шийдэл. 2022 онд Х.Нямбаатар сайд энэ асуудалд анхаарч ажиллахаар болсон.
- Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд олон тооны орон сууцны хороолол баригдаж үүнийг дагаад орон сууцны хорооллуудын орц, гарц авто замын түгжрэл тулгамдсан асуудлуудын нэг болоод байна?
- 115-р сургуулийн зам, Ривер Гардены зам, Зайсангийн замын орц, гарцыг хурдан шийдэх шаардлага бий. Бусад шинэ орон сууцны хорооллуудыг ашиглалтад хүлээж авахдаа урьдчилж шаардлага тавих байдлаар орц, гарцын шийдэх хэрэгтэй. Авто замын түгжрэлийн тухайд Яармагийн наадамчдын зам, Богд уулын арын зам, төв замын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд ХУД-ийн Замын цагдаагийнхан 10 гаруй санаачилга гаргасан. Дээрх санаачилгуудын ажил хэрэг болгох чиглэлд Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уулын дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал авто замын түгжрэлд нөлөөлж байгаа. Тиймээс ирэх оны төсөвт огт сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэг барих төсвийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.