Өнгөрөгч амралтын өдөр Вьетнамын нийслэл Ханой хотод метроны анхны шугам нээгджээ. Ханойн төвийн Кат Линь өртөөг хүн ам шигүү суудаг зүүн дүүргийн Ха Донг өртөөтэй холбох 13 км урт метроны зам нээгдснээр нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж тулгамдаж байсан нэг асуудлаа ийн шийдвэрлэжээ. Вьетнамын засгийн газар 2030 он гэхэд Ханой хотод есөн шинэ шугам нэмэхээр төлөвлөсөн байна.
Цахимд явж буй энэ мэдээлэл Улаанбаатарын метроны дуусдаггүй үлгэрийг эрхгүй эргэн сануулж, “айлын хүүхдүүд” хэлсэн бол хийдэг, монголчууд яахааараа хийхгүй хэрнээ хий хоосон яриад байдгийн ялгаа заагийг олох хөнгөн эрэлд хөтлөв.
Арван жилийн өмнөх төсөөллөөр метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барих байв. Ингэхдээ баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн 6,6 км зайд газар доогуур зам тавьж, хотын хоёр захаар өргөгдсөн хэлбэрээр буюу газар дээгүүр барьж, авто замаас бүрэн тусгаарлагдсан системтэй байхаар тооцсон байв. Сайхан төсөөлөл, даанч биеллээ олооогүй болхоос.
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн 2013 онд хэлж байсан үг биеллээ олсон бол Улаанбаатарчууд 2017 оноос метрогоор зорчиж замын түгжрэл хэдийнэ “цаашаа” болох байв.
Улаанбаатарт метро барьж байгуулах тухай яригдаж эхэлснээс хойш яг 10 дахь жилтэйгээ золгож байна. Одоо ч бас ярьж л байгаа.
Ганц Бат-Үүл ч гэлтгүй үе үеийн хотын дарга нарын амлалт хэрэв ажил хэрэг болдогсон бол метроноос гадна Су.Батболдын “Тусгай замын автобус буюу BRT”, С.Амарсайханы агаарын дүүжин зам гээд нийслэлийнхэн нийтийн тээврийн олон сонголттой үйлчилгээг хүртэх байлаа. 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан Тусгай замын автобусны төслийг эхлүүлэх талаар хотын дарга асан Су.Батболд огт санаачлага гаргаж гараа хөдөлгөөгүй гэлцэх юм билээ.
Харин хотын дарга асан С.Амарсайханы алдарт дүүжин замын төсөл хэрэгжсэн бол өнгөрсөн зунаас эхлэн нийслэлийнхэн дүүжин тээвэр хэмээх шинэ унаагаар агаараар сүнгэнүүлж байх байв.
Одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний тухай ярьж байгаа. Даргын хэлснээр техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ” гэдгээ мэдэгдээд буй. Энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа байх.
Мөн Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалт хийнэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3 км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн гэж байгаа.
Эдгээрийг харвал том зорилт, тоймтойхон бүтээн байгуулалт болно. Харин ажил хэрэг болох болов уу гэсэн эргэлзээ салахгүй байна.
Ямартай ч Засгийн газраас Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад зориулан жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилахаар болоод байгаа. Энэ хүрээнд хийгдэх ажлууд нь энэ байж таарах биз. Хөрөнгө мөнгө нь байвал одоо хийж бүтээхэд амар хялбар болсон.
Сүүлийн 10 гаруй жилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан эрхмүүдийн алт шиг сайхан амлалтууд агаарт замхарч, хөрсөн дээрээ хөллөсөн нь үгүй. Тэдний тиймэрхүү сайхан ярианд нийслэлийнхэн чих дөжирч, итгэл алдарчээ.
Харин хотын өнөөгийн дарга Сумъяабазарын хувьд өмнөх ярьсаар байгаад явж өмнөх ижил сүрэгтэйгээ нийлэх үү, хэлснээ хэрэгжүүлж шинэ жишиг тогтоох уу гэсэн хоёр сонголтын өмнө байна. Түүний улс төрийн карьер ч бас үүгээр хэмжигдэх нь тодорхой.
Б.Тулга