Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх жилийн төсвийг хэмнэлтийн гэж нэрлэж байгаа ч хэтэрхий өөдрөг, бас лобби их орсон энэ хэрээрээ алагчлалтай төсөв болсон гэдгийг тодотгож байгаа.
Монголын төсвийн орлогын гол найдвар нь нүүрсний экспорт. Ирэх жил нүүрсний экспортоо хоёр дахин нэмэгдүүлж, 36 сая тонн болгохоор зорьж буй. Уг нь гаргаж чаддаг юм бол Монголд юу байна, нүүрс л байна. Зөвхөн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний ордын нөөцийг 6 тэрбум 48 сая тонн гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон байдаг. Хэрэв өнөөгийн жишгээр жилдээ 40 сая тонн нүүрс экспортлоод явна гэж тооцвол энэ бол 190 жилд хүрэлцэхүйц их нөөц.
Гэвч нүүрсний экспортын алтан үе шувтрах хугацаа наашилсаар байна. Энэ намар гэхэд л НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дэлхийн дулаарал, цөлжитөд анхаарал хандуулсан бол одоо Шотландын Глазго хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 26 дахь удаагийн бага хурал өнгөрсөн сарын 31-нээс үргэлжилж байна.
Бага хурлаар нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөг дахин шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна. Мөн үүнтэй зэрэгэн Ром хотод Их-20 орнуудын тэргүүн нар уулзаж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эрс шийдвэр гаргалаа.
Дэлхий нийтээрээ ингэж хүлэмжийн хийн эсрэг анхаарал хандуулснаар нүүрсний хэрэглээг үнэмлэхүй хэмжээгээр багасгах шийдэлд хүрч байна. Учир нь дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаралтын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь нүүрс хүчлийн хий юм.
Манай нүүрсний цорын ганц худалдан авагч нь одоогоор БНХАУ. Дэлхийн хүн амын зургааны нэг нь амьдардаг тус улс одоогоор дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тэн хагасыг эзэлдэг. Гэхдээ Хятад улс нүүрсний хэрэглээг багасгах зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн жил БНХАУ-йн дарга Ши Жиньпин НҮБ-ын 75 чуулганы индэр дээрээс тус улсыг 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй орон болгох тухай мэдэгдсэн. Тус улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой зорилт тавьж ирсэн ч ялгарлын түвшинг 0%-д хүргэх тухай анх удаа мэдэгдсэн нь энэ.
Мөн 2050 он гэхэд Хятад улс нь нүүрсний станцаас ангид улс болно гэж зорьж байгаа. Магадгүй энэ хугацаа бүр наашилж ч мэднэ. Тэд хэлсэн л бол хийдэг хариуцлагатай хүмүүс.
Судлаачдын үзэж байгаагаар тус улсын эрчим хүчний хэрэглээ 2035 онд оргилдоо хүрэх төлөвтэй байгаа ч харин хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ нь 2035 онд 9 тэрбум тоннд хүрч буурах тооцоолол байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч болон атомын цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотойгоор хэрэгжих шийдэл бололтой.
Хятадууд атмын цахилгаан станцад /АЦС/ихээхэн ач холбогдол өгч буй. Өчигдөр энэ талаархи нэгэн мэдээлэл нийтлэгджээ. Тодруулбал, тус улс цөмийн эрчим хүчний салбартаа 440 тэрбум ам долларын хөрөнгө оруулах ажээ.
Ирэх 15 жилийн хугацаанд нийт 147 ГВт хүчин чадалтай 150 атомын АЦС шинээр барихаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 35 жилд дэлхий даяар баригдсан нийт АЦС-ын тоотой тэнцэх юм.
Уг ажилд 370-440 тэрбум ам.доллар зарцуулна. Төсөл хэрэгжсэнээр хүлэмжийн хийн ялгаруулалт жилийн 1.5 тэрбум тонноор буурна гэжээ.
Ийм мэдээлэл байна. Эндээс харвал Монголын нүүрсний цорын ганц худалдан авагч БНХАУ-ын нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд үлэмжхэн багасахаар байна. Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч нь ганц Монгол Улс бас биш. Одоогоор Индонези, ОХУ гэхчлэн хаяа дэрлэсэн өрсөлдөгчид бий. ОХУ гэхэд л өнгөрсөн онд нүүрсний экспортоосоо хэдэн арван тэрбум долларын орлого олсон. Нүүрсний үнэ ч гэж ванлий байлаа.
Харин энэ бүх боломж, олз орлого Монголыг тойрчихлоо. Гэхдээ тэднээс биш биднээс шалтгаалсан. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж ковид тойрсон улс төр, мэдэмхийрлэл, халдвар буурахаар сөргүүлж тавьсан УОК-ын “гал” энэ боломжийг олгосонгүй.
Дотоодынхоо халдварыг хумьж чадахгүй бол нүүрсээ экспортолж хэзээ ч чадахгүй. Харин халдварыг ганцхан бүүстэр тунгаар хумина гэж итгэж байгаа бол бүр ч үлгэр. Ингээд нүүрсээ үнс болохыг хүлээгээд амар сайхан жаргаж байхаас өөр яахав.
Г.Хан