Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд оролцсон манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид хоёр тамирчин шагналт V байранд шалгарсан амжилттай эх орондоо ирэх нь. Өчигдөр болсон медалийн төлөөх тулаанд хоёр тамирчин өрсөлдсөн ч ялагдал хүлээв. 48 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Беларусийн А.Кармильчукт эхний үед хүнд цохилтоор ялагдсан бол 67 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг Казахстаны Б.Жуссуповтой гурван үед үзэлцээд 5:0 оноогоор хожигдсон юм.
Монголын боксчид 1974 онд Кубад болсон анхны ДАШТ-д оролцсоноосоо хойш 12 медаль хүртээд байгаа бөгөөд хамгийн сүүлийн медалийг 2019 онд МУГТ Э.Цэндбаатар авчирч байв. Сонирхогчийн боксын дарагийн ДАШТ 2023 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.
Тэмцээнээ дуусгасан тамирчид:
- -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрбээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай тулалдаж хүнд цохилтоор ялагдасан.
- -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
- -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
- -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- -67 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны Б.Жуссуповтой гурван үед үзэлцээд 5:0 оноогоор хожигдлоо.
- -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан.
- -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
- -54 жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.