Эрээний хилийн боомт хаагдсан нь Монгол Улсад дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхээс эхлээд олон зүйлийн сануулга болж байна. Энэ дундаас илүүтэй анхаарал татах нь эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ хангамж. Ер нь хүнс, эм, эмнэлгийн хэрэгслээрээ бусдаас хамааралтай байна гэдэг нэг талдаа эмгэнэл, үндэсний аюулгүй байдлын хувьд тун эмзэг байгаагийн илэрхийлэл юм.
Өчигдөр УИХ-ын Ковид-ын түр хороо хуралдлаа. Хурлаар гол яригдсан асуудал нь эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тухай. Эмнэлгүүд нэг удаагийн зүү тариураар тасалдаж болзошгүй байна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс чих дэлсэж ирсэн.
Үүнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас долоо хоног бүр эмнэлгүүд дээр хяналт хийж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 44 байгууллагыг үнэлж үзэхэд эмийн нөөц улсын эмнэлгүүдэд 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна. Харин хамгийн тулгамдаж байгаа асуудал бол тарилгын шингэн болон тариуруудын асуудал байна” гэсэн нь дээрхи мэдээлэл үнэн болж таарав.
Б.Цэцэгсайхан даргын хэлснээр “Тариурын хувьд долоон чингэлэг тариур боомтууд дээр гацсан байна. Яг одоогийн байдлаар сая орчим тариурын нөөц байна. Гадуур худалдаанд 400 мянга орчим тариурын нөөц байна. Өнөө маргаашгүй контейнерээр сая 200 мянга орчим тариур орж ирнэ. Харин вагоноор 270 мянга орчим тариур орж ирнэ" гэжээ. Үүнээс үзвэл тариур тасалдахгүй байх боломж бүрдэх бололтой.
Нэг удаагийн зүү тариур гэснээс хэдхэн жилийн өмнө Монгол Улс энэ төрлийн бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг “Монсам” гээд үйлдвэртэй байлаа. БНСУ-тай хамтарсан тус үйлдвэр нэг удаагийн зүү тариураар дотоодын эмнэлгүүдийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай, боломжийн техник технологитой байсан юм. Үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 80 хувь, Солонгос улсын "Шина" корпорацийн 20 хувийн хөрөнгө оруулалттайгаар 1995 оны долдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулж байсан үүх түүх бий.
“Монсам" ХХК нь жилд 22-24 сая тариур үйлдвэрлэдэг байсан бөгөөд үйлдвэр ажиллаж байсан хугацаандаа хэдэн зуун саяар тоологдох нэг удаагийн тариур үйлдвэрлэж, 2001 он хүртэл БНСУ-аас авсан зээлээ төлж байв.
Тэр үед импортоор нэг удаагийн зүү тариур оруулж ирэхийг хориглож, зөвхөн энэ үйлдвэрээс бүх эмнэлэгт зүү тариур нийлүүлдэг байв. Бодлогоор ингэж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, засаг өр тавьж босгосон үндэсний үйлдвэрээ дэмжсэн гэсэн үг.
Гэтэл 2000 оноос хойш эрх мэдэлтнүүдийн ямар тахил буруугаар эргэсэн юм бүү мэд, гаднаас хямд үнэтэй зүү тариур орж ирэх ирэх замыг нь нээж өгсөнөөр тус үйлдвэрийн ажиллагаа доголдож эхэлсэн байна.
Ялангуяа 2006 онд Л.Гүндалай Эрүүл мэндийн яамны сайд болоод импортын зөвшөөрлийг хавтгайруулан олгож эхэлжээ. Тухайн онд түүний ахынх нь эзэмшлийн "Ач үр" хэмээх компани 134 сая тариур оруулж ирсэн баримтыг тэр үед хэвлэл мэдээллээр дэлгэж байв.
Байдал ингэж буруугаар эргэсэн учир “Монсам” компани ижил төрлийн бараа бүтээгдэхүүний энэ эх захгүй импорт болон өр зээлийг зохицуулах асуудлаар 2007 оноос хойш Эрүүл мэндийн яаманд ес, Төрийн өмчийн хороонд гурав, Сангийн яам болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус бүр нэг удаа хандаж байсан хэдий ч бодитой дэмжлэг аваагүй байдаг.
Энэ нь ижил төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс санаатайгаар үйл ажиллагааг нь зогсоосон байх магадлалтай, тэдгээрийн ард эрх мэдэлтэй хэн нэгэн байж болзошгүй талаар тухайн үед хэсэгхэн шуураад үйлдвэрийг жинхэнэ утгаар дампууруулснаар чимээ алдарсан юм.
Ийнхүү Монгол Улс нэг удаагийн зүү тариураар дотоодын хэрэгцээгээ хангаж байсан алтан үедээ төгсгөл тавьсан байдаг. Харин одоо хил гааль хаалттай цар тахлын хүнд үеэр тариурын хангалт доголдож болзошгүй, хөршүүдээ царайчилж сууна.
Ямар гээч эрх ашиг, хэн гээч эрх мэдэлтний лобби монголчуудыг ийм байдалд хүргэв. Улсын үйлдвэрийн дампуурал эрх мэдэлтнүүдийн халаасыг зузаатгадаг “зугаатай тоглоом” бай ж болох ч энэ бол арай л хэтийдсэн ашиг сонирхол байсан юм.
Төр өөрийн өмчит үйлдвэрээ харсаар байгаад дампууруулж, үндэсний аюулгүй байдалтай холбогдон яригдах бүтээгдэхүүний хангалт нийлүүлтийг бусдын хараат болгосон энэ бодлоггүй, гунигтай түүхээсээ сургамж авсан байгаасай гэх ганцхан хүсэл л бидэнд үлджээ.
Х.Тулга

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал