Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөлөөнөөс манай улсад ирсэн жуулчдын урсгал 2020 оныхоос 93 хувиар багасаж, аялал жуулчлалын салбар 564 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Тус салбартай холбоотой 1600 гаруй аж ахуй нэгжийн 84 мянган ажлын байр эрсдэлд ороод байна. Тодруулбал судалгаагаар, тур оператор компаниудын 15 хувь нь дампуурч үйл ажиллагаа нь хаагдсан бол 45 хувийн 60 гаруй хувь нь ажилчдаа цомхотголд оруулж, үлдсэн 40 хувийн 80 гаруй хувь нь ажлын байраа хадгалж үлджээ. Тус салбарын төлөөлөл болсон “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа. Түүний хувьд аялал жуулчлалын салбарт хөтчөөс нь эхлээд 20 гаруй жил ажиллаж, одоо салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд зүтгэж байгаа юм.
- Аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнөөс үүдэн зогсолтод ороод хоёр жил гаруйн хугацааг үдсэн байна. Яг энэ үед гадаад орнууд ямар арга хэмжээг авч байна вэ?
- Бусад улс бодлогын түвшинд ажиллаж байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт үзүүлэх, хүүгүй зээл олгох, дотоод аяллаа эрчимжүүлэх гэх мэт. Ойрын жишээ гэхэд, хойд хөршийн Ерөнхийлөгч В.В.Путин Татварын газрын дарга М.В.Мишустинтэй /одоо ОХУ-ын Засгийн газрын тэргүүн/ гэрээ хийж, дотооддоо аялсан аялагчдын НӨАТ-ын буцаан олголтыг 20 хувьд хүргэсэн. Хятад ч мөн ялгаагүй дотоод аяллаа эрчимтэй дэмжсэнээр иргэд нь ч дотооддоо аялж, салбараа аварч байна. Харин манай улсын хувьд дотоод аялагчдын ганцхан хувь нь аяллын компаниар үйлчлүүлдэг. Ихэнх нь өөрийн унаатайгаа ах дүүсээрээ нийлээд замд гардаг. Мөн бусад улсын хувьд олон сараар аялал жуулчлал явуулах таатай уур амьсгалтай байдаг тул аялал жуулчлал тогтвортой хөгждөг бол манайх зөвхөн долоо, наймдугаар сард л аялахад таатай нөхцөлтэй. Тиймээс энэ салбар маань байнгын орлогын эх үүсвэр болж чаддаггүй, улирал дагасан ажлын байрыг бий болгодог онцлогтой.
- Гэхдээ манай орон эрс тэс уур амьсгалын онцлогоо жуулчдыг татах нөхцөл болгон ашиглаж болох биш үү?
- Тийм. Гэвч бид ашиглаж чадахгүй байна. Энэ салбарыг “тэргүүлэх салбар” болгоё гэвэл “Аялал жуулчлалын яам”-ыг “Байгаль орчны яам”-наас салгаж, тусад нь байгуулах хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол ядаж бие даасан “агентлаг” ч болтугай байгуулах учиртай. Ингэснээр дөрвөн улиралдаа тохирсон аялал жуулчлалын бодлого, нислэг, галт тэрэг, дотоодын аялал жуулчлалын нөхцөл байдлыг сайжруулах төлөвлөлт нь аяндаа ургаж гарч ирнэ. Гэтэл өнөөдөр байгаль орчны бодлого нь түрүүнд тавигдаж, мэргэжилтнүүд нь хөдөө орон нутагт байгаль орчны холбогдолтой бүх ажилд “зараалын морь” шиг ажиллаж, аялал жуулчлалын бодлого хэрэгжилт нь хаа ч үгүй хаягдчихаад байна. Жил ирэх тусам салбарын төсвийг бууруулан баталж байгаа гэх мэт. Тиймээс эрс өөрчлөх зайлшгүй шаардлага байна.
- Covid цар тахал энгийн ханиад болж нутагших магадлалтай гэдгийг мэдэгдээд байгаа. Аялал жуулчлалын салбар цаашид энэ байдалтай дасан зохицож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ямар арга байна?
- Манай салбар хоёр жил гаруйн хугацаанд тэг зогссон ч бид сэргэнэ гэсэн найдвар тээж ажилласаар л байна. Зарим нь энэ зогсонги үеийг ашиглан жуулчин хүлээж авах бэлтгэлээ илүү сайжруулж байгаа бол нэг хэсэг нь амьдрахын эрхээр өөр бизнес рүү шилжиж байх жишээтэй. Миний хувьд цар тахлаас өмнөх нэг өдөр минь жуулчин, жолооч, хөтөч, бааз, зочид буудал гэх мэт сэдвээр утаснаас уяатай, и-мэйл бичээстэй өнгөрдөг байлаа. Харин одоо салбарын судалгаанд цаг зарцуулж, бизнес түншүүдтэйгээ ярилцах, өөрийгөө илүү боловсруулах, бүтээгдэхүүнээ шинэчлэх чиглэлд түлхүү ажиллаж байна.
Ковидын дараах аялал жуулчлал нь цөөн хүнтэй, гэр бүлийн хүрээнд өрнөнө. Цар тахлаас өмнө ирдэг байсан 20-иос дээш тооны хүнтэй жуулчны группууд орж ирэхгүй байх. Тийм учраас аяллын компаниуд масс аяллын бүтэц зохион байгуулалт, төлөвлөлтөө өөрчлөх байх. Улам л минимал болж, дижитал руу шилжиж байна. Мөн манайд ирж байгаа аялагчид залуужиж 25-40 насны хооронд хэлбэлзэх болсон. Ерөнхийдөө залуусын хувьд аялалд зориулсан хуримтлал үүсгэж нэг, хоёр ч болтугай улс орон үзэж таньж мэдье гэсэн хандлагатай болж өөрчлөгдсөн. Бид ч бас залуусын сонирхсон бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй болж байгаа юм.
Бас нэг анзаарагдсан зүйл нь монголчууд өөрсдийн язгуур зүйлийг эрж хайдаг болсон байна. Гадаад жуулчид ч “монгол” гэсэн нүүдлийн соёлыг илүүтэй үзэж мэдрэхийг хүсдэг. Аяллын маршрутыг төлөвлөхдөө элс, нуур, ой гээд сайхан байгалийг нэгдүгээрт тавьдаг байсан. Харин одоо хаана яг монгол ахуйгаа үзүүлж чадах бол, хаана хольцгүй монгол цагаан идээ, хоол унд байна вэ гэж хайдаг болчихжээ.
Саяхан дотоодын жуулчдын нэг гишүүн болоод баруун аймгаар урт аялалд гарсан юм. Хөдөөний хэд хэдэн айл, жуулчны баазаар зочлоход бүгд хуучны авдар, зуух гэх мэт тавилга хэрэгсэл, мал ахуйн эдлэл хэрэглэл, угсаатны дээл хувцсыг ихэд сонирхож, цагаан идээ, нутгийн брэнд хүнсний зүйлд багагүй мөнгө зарцуулцгаасан. Энэ нь монголчууд бид язгуур өв соёлоороо нэлээд “өлсчихсөн” байгааг харуулж байна. Тэгэхээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрутад Монголын язгуур өв соёлыг байгалийн нөхцөл байдалтай зэрэгцүүлэн тавьж төлөвлөх болов уу гэж бодож байна.
- Таны хэлснээр аяллын компаниуд дотоодын жуулчид руу чиглэсэн үйлчилгээг чанаржуулж эхэлсэн нь харагдаж байгаа. Цахимаар аяллаа захиалах боломжтой болсноос эхлээд л...?
- Өмнө нь гадаадын жуулчид л тансаг зэрэглэлийн үйлчилгээг авах чадвартай, монголчууд төлөх чадваргүй гэж ойлгодог байсан. Харин одоо энэ ойлголт өөрчлөгдөж байна. Аяллын үйлчилгээг лизингээр авах боломжтой болсон. Гэвч зарим дотоодын аялагчид маань архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын амгалан байдлыг эвдэх, тухайн баазын эдлэл хэрэглэлд бүдүүлгээр хандах, байгаль орчныг бохирлох байдал байсаар байна. Үүнийг багасгах, улмаар арилгахын тулд тэднийг “жуулчин байх соёл” руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай.
Монгол жуулчдад зориулсан хөтөлбөрүүдийг боловсруулж, буруу зугаацах боломжийг олгохгүй байх, монгол жуулчдын сэтгэл зүй, хүсэл сонирхол зэрэгт судалгаа хийж ажиллах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ баярхах, гайхуулах дуртай хүмүүс. Өөрөөр хэлбэл, гоё тансаг зүйлсийг хэрэглэж, сэтгэл ханамж авах дуртай. Бас ажил албан тушаал, цол гуншингаа олны дунд дуудуулах, бусдын дунд нэг номерт байх хүсэлтэй хүмүүс /инээв/. Тийм учраас манай салбарынхан энэ дуртай зүйл дээр нь "тоглолт хийх" хэрэгтэй. Жишээлбэл, маш сайн хөрөнгө оруулалттай тансаг зэрэглэлийн бааз, ресортуудыг байгуулж, тэр чинээгээр сайн үйлчилгээг хангаж, өндөр төлбөр тавьж болно. Гоё сайхан газар амарч, зугаалж байгаа хүмүүс бүдүүлэг зан гаргахаас ичиж биеэ аятайхан авч явахыг хичээх болно. Ер нь монголчууд тухайн газар, баазын “зүс царай”-нд тааруулж харьцаад байдаг шүү. Ааш муутай эзэнтэй, үйлчилгээний соёлгүй ажилчидтай, тухгүй орчинд байгаа жуулчин таагүй л харьцана.
“Майхант отог” байсан ч 00, шүршүүр, гал тогоо, хог хаягдлын хэсгүүдийг “мөнгөөр зодоод” байгуулчих хэрэгтэй. Тэгвэл тэд харж мэдэрсэн зүйлдээ муухай хандаад байхгүй. Монгол жуулчид бүтэхгүй гэж үзээд байвал дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, хөгжлийг ойлгож мэдрэхгүй байна гэсэн үг. Цаашид жуулчид залуужих тусам огт өөр соёл нэвтэрнэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоо нийгмийн нэг, хоёр үе яваад байгааг анзаарах, тэдний үе дуусна гэдгийг ойлгочихвол хялбар байх болно оо.
Эх сурвалж: Motsame.mn