Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та саяхан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн асуудлаар ОХУ-д ажиллаад ирлээ. Уулзалтаар ямар үр дүн, ойлголцолд хүрэв?
-Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуримтлагдсан асуудлуудаар шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан учраас энэ сарын 10-12-ны өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий хорооны хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар үндсэн 11, нэмэлтээр гурван асуудал хэлэлцсэн. Улаанбаатар төмөр замын бизнес, өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад харилцаа, хүн хүчтэй холбоотой гээд олон асуудлыг шийдвэрлэсэн.
Тухайлбал, Улаанбаатар төмөр замын үнэ тарифын шинэчлэл сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй. Үнэ тарифын өөрчлөлт, бизнесийн зарчмын өөрчлөлтүүд бол маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Улаанбаатар төмөр замын үнэ 10, 20 жилийн өмнөхөөрөө мөрдөгдөж ирлээ. Тиймээс Улаанбаатар төмөр замын тээврийн үнэлгээтэй холбоотой асуудлыг Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнийг шийдвэрлэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж шийддэг. Улаанбаатар төмөр замын үндсэн тээвэрлэлтийн нэг бол бидний хэрэглэгддэг цахилгаан дулааны эх үүсвэр болсон дотоодын нүүрсний тээврийн асуудал байдаг. Тиймээс үнэ тарифын асуудлыг шийдвэрлэхдээ дотоодын тээврийн нүүрс тээвэрлэлтээс бусад үнийг өөрчлөх асуудлыг ярилцсан. Нийгэм, эдийн засаг, бизнесийнх нь харилцаанд тулгуурлаж тодорхой хувиар нэмэгдүүлж ажиллая гэдэг бодлогын том асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, 2025 он хүртэл хөгжүүлэх, үнэ тарифын бодлогын баримт бичгийг гаргасан.
Энэхүү бодлогын баримт бичгээ тус хурлаар шийдсэн. Гуравдугаарт, төмөр зам гэх том айл өнөөдөр 16 мянган ажилтантай. Энэ айлыг авч явахад цаашдаа бизнесийн харилцааны өөрчлөлттэй холбогдуулж шинэчлэх, зарим зүйлд Ерөнхий хорооны оролцоог нэмэгдүүлэх бүтцийн томоохон ажил, арга хэмжээ шийдэгдсэн. Үүнийг хоёр талаас их ярьсан. Ойлголцолд хүрсэн. Тиймээс шийдвэрээ гаргасан. Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын үндсэн хоёр үндсэн баримт бичиг байна. Тодруулбал, 1949 оны тухайн үеийн БНМАУ, ЗХУ ерөнхий хэлэлцээр байна. Энэ бол олон улсын хэлэлцээр л дээ. Энэхүү хэлэлцээрээр олон харилцааг зохицуулсан. Хоёр дахь том баримт бичиг нь 1958 оны Улаанбаатар төмөр замын үндсэн дүрэм гэж байна. Эдгээр үндсэн томоохон баримт бичгүүдэд үндсэн зарчмуудыг тодорхой тусгасан байдаг. Ижил тэгш зарчим баримтална гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ удаа Улаанбаатар төмөр замын даргыг ОХУ-ын талаас хийвэл Ерөнхий хорооны дарга Монгол хүн байна. Ерөнхий хорооны дарга нь орос хүн байвал Улаанбаатар төмөр замын удирдлага нь монгол хүн байна. Улаанбаатар төмөр замын Эдийн засгийн албаных нь дарга орос хүн байвал орлогч нь монгол хүн байна гэсэн зарчмаар Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг удирдана гэж олон улсын гэрээгээр зохицуулагдсан байдаг. Энэ том гэрээг мөрдөх үйл ажиллагааг түлхүү тавьдаг. Хоёр талаас гарын үсэг үзэглэж, хэрэгжиж байгаа баримт бичиг учраас тавихаас ч өөр аргагүй. Нөгөө талд Монголын талаас манай улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм.
Хэдийгээр Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж мэт харагддаг ч гэсэн хоёр орны хамтын ажиллагааны дүр төрхийг энэ байгууллага харуулж өгч байдаг. Тиймээс улс хоорондын харилцааны гол төв цэг болж явдгаараа Улаанбаатар төмөр зам онцлогтой. Улаанбаатар төмөр зам дээр шийдвэрлэх асуудал их байсан учраас Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж шийдэлд хүрсэн.Энэхүү хурлын үргэлжлэл болж өнгөрөгч пүрэв гаригт ОХУ-ын Засгийн газрын орлогчоор ахлуулсан төлөөлөгчид ирсэн. Үүнд Оросын төмөр замын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Зам тээврийн дэд сайд нь ирсэн. Тэд хоёулаа Улаанбаатар зам ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн. Тиймээс зарим шийдвэрлэгдээгүй асуудлуудаар дахиж ярилцах, шийдвэрлэгдсэн асуудлуудаа баталгаажуулах ажлууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийгдлээ гэж хэлж болно.
-Ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагын асуудал хэлэлцэгдсэн. Талууд ойлголцолд хүрч чадаагүй гээд янз бүрийн мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Энэ талаар?
-Ер нь хэвлэл мэдээллийнхэнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн захирлын асуудал их сонирхолтой байх шиг байгаа юм. Үүнээс төмөр замын даргын асуудлыг дараагийн удирдлагын хорооны хурлаар ярихаар энэ асуудал хойшлогдсон. Өөрөөр хэлбэл, хэлэлцэгдээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа мэдээлэл худлаа. Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны энэ удаагийн хуралд дөрөвхөн хүн л асуудлыг хэлэлцсэн. Цахимаар ОХУ-ын талаас нэг, Монголын талаас нэг гишүүн. Харин нүүр тулж ОХУ-ын талын хоёр, Монголын талын хоёр төлөөлөл хуралдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлыг дөрвөн хүн л ярьдаг. Түүнээс элдэв янзын, өөр ямар ч хүн хажууд байдаггүй, орчуулагч ч хэрэггүй. Тиймээс хурлаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлээр “зохиол” нийтлэгдээд байх шиг байна лээ. Ерөнхий хорооны хурал бол ажил хэрэгч бөгөөд цөөн хэдэн гишүүдийнхээ хүрээнд тодорхой чиглэлтэй яригддаг учраас хэвлэл дээр гарсан шиг юм байдаггүй. Ойлголцолд хүрэхдээ амархан. Ойлголцож чадахгүй бол түүнийгээ хойшлуулдаг, эсвэл санал хураах зарчмаар шийддэг.
-Эрээн-Замын-Үүдийн хилийн боомт дээр үүссэн асуудал олны анхаарлыг татаж буй. Тэнд үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?
-Вагон солилцоо нэлээн өндөр түвшинд явагдаж байгаа. Хүчин чадлын дээд хэмжээгээр ажиллаж байна. Өдөрт манай талаас урагшаа 14 вагон, урд хөршөөс найман вагон хүлээж авч байгаа. Төмөр замын ажилладаг зарчим янз бүр байдаг. Тиймээс хүмүүс тэр бүр мэддэггүй. Төмөр замын бизнесийн үйл ажиллагаа бол хангалттай сайн байгаа. Гэхдээ бидэнд гурван талын хамтын ажиллагаа маш чухал байна. Улаанбаатар төмөр зам гэдэг бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй боловч үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд явагддаг. Энэ чиглэлийн онцгой үүрэгтэй салбар. Тиймээс ачаа тээврийнхээ тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч хамтын ажиллагаа сайжруулах шаардлагатай. Ойлголцлоо бэхжүүлэх шаардлагатай. Ойлголцол бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа зүйл бол цар тахал байна шүү дээ. Цар тахлын улмаас уламжлалт харилцаа өөр байдал руу шилжиж байна. Цахим байдал руу шилжлээ. Биечлэн уулздаг, ажилладаг зарчмууд хоцрогдож, орхигдож эхэлж байна. Тиймээс шинэ нөхцөлд гурван талын хамтын ажиллагааг төмөр зам дээр сайжруулах бэхжүүлэх, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ бол зөвхөн Монгол Улсаас хамаараад байдаггүй. БНХАУ руу өдөрт 20 галт тэрэг гаргахын тулд БНХАУ-тай яаж хамтарч ажиллах юм бэ, БНХАУ өөрийнхөө төмөр замын Эрээн, Жинен, Хөххот хүртэлх тээврийнхээ хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, хэдий хугацаанд үүнийгээ хийж чадах вэ зэрэг улс хоорондын асуудал байгаа юм. Эдгээр асуудлуудад анхаарч ажиллаж байна. Эрээн-Замын-Үүдийн авто тээврийн хөдөлгөөн бүрэн зогссон. Тиймээс авто тээврээр явж байсан ачаа тээврийг яаж зохицуулах вэ гэдэг зүйл яах аргагүй төмөр зам руу шилжинэ. Эрээн хотод үйл ажиллагаа идэвхгүй болж байгаа учраас БНХАУ-ын талтай Женин хотод ачаа тээврийг шилжүүлэн ачих байгууламжуудыг хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаар Улаанбаатар төмөр замынхан болон манай яамны нөхдүүд хамтарч ажиллаж байна.
-Хэр ахицтай байна?
-Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш тээвэрлэлт хийхтэй холбоотой зүйлүүдийг Женон хотоос хоёр, гурав хоногийн өмнө ачуулж байна. Үүнтэй холбоотой худалдааны ачаа тээврийн асуудал орж ирж байна. Жишээ нь, хөдөө аж ахуйн салбар, хүнстэй холбоотой. Тиймээс Женин дээр төмөр зам руу шилжүүлэх ийм ажиллагаа яаж зохион байгуулах вэ гэдэг талаар идэвхтэй ажиллаж байна.
-Тяньжин боомт дээр контейнерийн хуримтлал бий болсон, монголын ачаа гацчихлаа. Тяньжин гэлтгүй түүнийг тойрсон олон боомт бий. Бусад боомттой хамтарч ажиллах асуудал ер нь хөндөгдөх болов уу?
-Олон боомт бий. Энэ бол тээвэр зуучийн байгууллага хооронд хийгддэг бизнесийн процесс. Тэр олон улсын тээвэрлэлтэд төр оролцдоггүй. Тээвэр зуучийн байгууллага хоорон дахь гэрээ хэлэлцээрээрээ Тяньжины маршрут нь түлхүү сонгогдоод явчихсан юм байна. Бид тээвэр зуучийн холбоотой олон уулзалт хийсэн. Тяньжин дээр ирчихсэн контейнерийн маршрут нь Бээжингийн ойролцоох ачаалал ихтэй төмөр замаар явдаг учраас зарим талдаа их зовлон учруулж байгаа юм. Тиймээс өөр маршрутаар явах чиглэлийг та бүхэн бодож үзээч гэсэн. Тээвэр зуучийн компаниудтай бид хамтарч ажиллаж байгаа. Энэ чиглэлүүд хувийн хэвшил холбогдох байгууллага хооронд яригдаж байгаа юм билээ. Бид ч яриасай гэж хүсч байгаа.
-Өнөөгийн түвшинд Гашуунсухайт л бидний ганц амин судас болчихлоо. Тус боомтын нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Ганц идэвхтэй ажиллаж байгаа хэсэг бол Гашуунсухайт. Олон байгууллагын хамтын ажиллагаан дээр явагдаж байгаа. Тухайлбал, боомтын зөвлөл, боомтын захиргаа, мэргэжлийн хяналт, гааль, татвар, хил, Тээвэр, хувийн хэвшил. Энэ олон чиглэлийн үйл ажиллагааг нэг цэгт бөөгнөрүүлж, нэг зорилгод нэгтгэж байж л бид амжилтад хүрнэ. Одоо бол бөмбөлгийн зохион байгуулалтаар явж байгаа. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр 150 орчим бөмбөлөг байна гэж мэдээлэл ирүүлж байна. Нэг бөмбөлөгт нь 40 хүртэлх жолооч байна гэж байгаа. Одоо бол 10, 20 гаруй жолооч нэг бөмбөлөг болж байх шиг байна. 40-өөс дээш болохоор эрсдэл бий болно гэж үзэж байгаа.
-Бөмбөлгийн зохион байгуулалтад асуудал байна, болохгүй гээд байгаа шүү дээ?
-Болдоггүй гэж хэн хэлсэн юм бэ. Үүнээс илүү зохион байгуулалттай арга хэмжээ одоохондоо хараахан шийдээгүй байна. Тиймээс бөмбөлгийн зохион байгуулалтад орсноор тээвэр бага багаар өсч байна шүү дээ. 100 гаруй машин байсан бол одоо 400 гаруй машин нүүрс гаргаж байна. Хамгийн гол нь бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлах ажлыг л өндөр хэмжээнд зохион байгуулах шаардлагатай. Өчигдөр би “Ганцхан боомт ажиллаж байгаа шүү. Бүх анхаарлаа тэнд төвлөрүүлээрэй. Тээвэр зохион байгуулалтынхаа асуудлыг өндөр түвшинд зохион байгуулна шүү. Элдэв янзын хэл ам, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй шүү” авто тээврийнхэнд шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бид өнөөдөр өндөр хариуцлагатай ажиллахгүй бол ганц ажиллаж байгаа боомтоо хаалгачихвал Эрээн шиг нөхцөл байдал үүснэ шүү дээ. Тиймээс хүн бүр хамтарч ажиллах хэрэгтэй байна. Амиа бодож болохгүй. Би тээвэрт оролцож байвал бусад нь хамаагүй гэдэг бодол байж болохгүй. Бие биенээ дэмжиж халдвар хамгааллын горимоо сайн мөрдөхгүй бол бид эмзэг, хүнд цаг үед ажиллаж байна. Зөвхөн төр зохион байгуулаад явах боломж хязгаарлагдмал болж ирж байна. Тиймээс үүнд хүн бүр хувийн хариуцлага сахилга бат сэтгэл чухал. Тэгж байж бид үүнийг давна.
-Дарханы зам зунаас хойш ажил хийгдэв үү?
-Санхүүжилт нь бэлэн төсөл дээр гүйцэтгэгч нь тодорхойгүй хэсэг хугацаа өнгөрлөө. Гүйцэтгэгч тодорхойгүй байна гэдэг бол санхүүжилт нь мянга бэлэн байгаад ажил урагшлахгүй шүү дээ. Дарханы замд асуудал олон бий. Энэ салбартай холбоотой ч асуудал байна. Холбоогүй ч асуудал байна. Бүх асуудлуудыг нэг саванд хийгээд сэгсрээд байж болохгүй. Ангилж ялгаад тухайн тухайн хэсэг дээр нь шийдэж байхгүй бол бүх асуудлыг нэг саванд хийчихээд бүгдийг нь шийднэ гэвэл ажлын уялдаа зохион байгуулалтад хүндрэл учруулна. Тиймээс Зам, тээвэр хөгжлийн яамнаас хамаарч байгаа юм нь юу юм бэ. Санхүүжилтээс хамаарч байгаа нь юу юм бэ. гүйцэтгэгчээс хамаарч байгаа нь юу юм бэ. Зөвлөх компани, орон нутгаас хамаарч байгаа нь юу юм бэ зэрэг олон асуудал байгаа. Энд гүйцэтгэгчдийн зүтгэл маш чухал байгаа юм.
-Гүйцэтгэгч компани шалгаруулахдаа яагаад чадамжгүй компани шалгаруулаад хугацаа алдчихав аа?
-Тендерийн тухай ярихад, миний шууд хариуцдаг асуудал биш. Өмнө нь хариуцаж байсан хүний хувьд ярихад сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь амаргүй. Бага үнэ өгчихдөг. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах субьект нь Зам, тээвэр хөгжлийн яам. Шалгаруулсан бичиг баримтыг нягталдаг байгууллага нь санхүүжүүлэгч байгууллага. Нягталчихаад гэрээ байгуулах зөвшөөрөл өгч байгаа шүү дээ. Энэ харилцан ойлголцол хамтын ажиллагааны зүйл их чухал л даа.
Ер нь аливаа ажил урт, богинодоо байдаггүй. Хамтарч ажиллаж чадвал богино хугацаанд ямар ч ажлыг хийж болно. Өөрөөр хэлбэл, захиалагч тал, гүйцэтгэгч, хяналт тавьж байгаа, санхүүжүүлж буй талууд хамтарч чадвал богино хугацаанд гүйцэтгэж болно шүү дээ.
-Монголын талаас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагаар Хэрлэнг томилох тухай мэдээлэл хэр бодитой вэ?
-Тийм нэрс явж байгаа. Монголын тал ч тэр, Оросын тал ч тэр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргаар Монгол Улсын иргэнийг тавъя гэж харилцан ойлголцсон. Тиймээс монгол хүн болно.
Эх сурвалж: Өдрийн сонин