Өнөөдөр Итали улсын нийслэл Ром хотод Хорийн бүлгийн (G20) хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн ДНБ-ий 80 хувь, экспортын 75 хувийг бүрдүүлдэг эдгээр улс орнуудын төлөөлөгчид уур амьсгал, эрүүл мэнд, тогтвортой хөгжил зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Хоёр өдрийн уулзалтын үеэр дээрх асуудлуудад зориулсан гурван хуралдаан зохион байгуулна. Гэсэн хэдий ч Хорийн бүлгийг энэ жил даргалж буй Италийн талын мэдэгдсэнээр тэдгээр нь хоорондоо нэлээд уялдаатай, салбарласан байх аж. Үүнээс гадна Итали улс бүлгийг даргалж эхэлсэн цагаасаа хойш эдийн засгийн шийдвэрийн хүрээнээс хальж, илүү улс төрийн ач холбогдол өгөхийг хичээж байгаа юм.
Тиймээс эцсийн хамтарсан тунхаглалд тухайн жилийн хугацаанд холбогдох яамдын түвшинд яригдсан сэдвүүдийг улс төрийн хүсэл зоригоор нэгтгэх юм. Үүнд эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалт, ирээдүйд цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх, үндэсний ариун цэврийн тогтолцоог бэхжүүлэх, уур амьсгалыг хамгаалах болон экологийн шилжилтийн хөтөлбөрийг санхүүжүүлэх, дэлхийн мэдээллийн технологийн аварга компаниудад нэгдсэн татвар ногдуулах, дэлхийн хүн амыг вакцинжуулах үүрэг амлалт, хөгжиж буй орнуудыг вакцинаар хангах зэрэг багтана.
Италийн тал бүх шийдвэрийг хэрэгжүүлж чадаагүй ч даргалсан нэг жилийн хугацаанд гаргасан үр дүндээ сэтгэл хангалуун байна. Хорийн бүлгийн дотор нүүрсустөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах, агаар мандалд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгох арга хэмжээ, хугацаа, түүнчлэн дэлхийн температурын өсөлтийг хязгаарлах талаар санал зөрөлдөөнтэй байгаа юм. Итали нь "эдийн засгийн янз бүрийн тогтолцоо, үндэсний ашиг сонирхол"-ыг ойлгож байгаа боловч нийтлэг бэрхшээлийг ойлгох тал дээр, мөн тэдгээрийг хамтын хүчин чармайлтаар даван туулах шаардлага байгаатай G20-ийн бүх гишүүн санал нэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Итали улс нь Долоогийн бүлэг болон НАТО-гийн гишүүны хувиар ОХУ, БНХАУ-тай тийм ч найрсаг бус, эдгээр орны идэвхтэй оролцоогүйгээр дэлхийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг байнга онцолдог.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад хоёр удаа буюу 10 дугаар сарын 30, 31-нд үг хэлнэ. ОХУ-ын удирдагч уулзалтад биечлэн оролцохгүй бөгөөд тэрбээр цахимаар оролцох юм. Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар ийм хэлбэрээр оролцоно гэдгээ мэдэгджээ. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор мөн Гадаад хэргийн сайдаа уулзалтад илгээсэн байна.
Орос, Хятадын удирдагчид биечлэн оролцохгүй байгаа нь дээд хэмжээний уулзалтын нөлөөг тодорхой хэмжээгээр багасаж байгааг олон ажиглагч тэмдэглэжээ.
Montsame.mn