Монголын төр өнөөдөр ямар ч хаалгагүй, цонхгүй, тотгогүй, тэр байтугай ямар ч босгогүй байшинтай адил болжээ. Ийм байшинг балгас гэдэг билээ. Нэг ёсондоо энэ балгасын хагархай цонхоор дурын хүүхэд чулуу нүүлгэж, бас дурын өвчтэй, солиотой, шизотой нөхдүүд хаалга үүдээр нь шагайж гүйлддэг болов. Өнөөгийн төр ингэж л үнэгүй, хүндгүй, ядаж л айлын дайтай ч хүндлэгдэхээ больж байна. Ямар ч айлд хэн дуртай нь орж очоод хойморт нь гарч, бурхан тахилыг нь өшигчөөд байдаггүй шүү дээ. Сүүлийн үед УИХ-ын гишүүн болохоор горилж байгаа хүмүүс, сайд даргаар томилогдож байгаа этгээдүүдийг хараад үнэндээ энэ төрд босго гэх ойлголт бүрэн алга болсныг анзаарах боллоо.
Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Энэ үүднээсээ хүн бүр УИХ-д нэр дэвших эрхтэй. Зөвхөн УИХ ч гэхгүй, сайд, дарга, төрийн албан хаагч болох нь хүн бүрийн өмнө нээлттэй. Гэхдээ төр гэдэг чинь хаалгатай, хаалга нь босготой, орох хүн бөхийж ордог тотготой гэдгийг бүх нийтээрээ ор тас мартаж орхисон бололтой. Яагаад бүх нийтээрээ гэж хэлсэн минь учиртай. Төрд орох гэж өөрийгөө голохгүй савсагнаж буй нь ч, тэр санааг нь дэмжиж, тэтгэж, саналаа өгч байгаа түмэн олон нь ч цөмөөрөө “Төр босготой, тэр нь өндөр байх ёстой” гэдгийг умартжээ.
Олонд танигдсан л бол УИХ-ын гишүүн болох ёстой мэт ойлгодог нийтлэг үзэгдэл хавтгайрлаа. Бөхчүүд, дуучид, сүүлдээ алиалагч, жүжигчид хүртэл түмний саналаар төрд гарах болов. Ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл. Тэр тусмаа сонгуулийн тогтолцоо нь ард олны олонлогоор бүтдэг нөхцөлд ийм л байх тавилантай. “Ямар ард түмэн байна, тийм л төр байдаг” гэх хоржоонтой үг бол үүний нотолгоо.
УИХ-ын гишүүн болчихсондоо өөрсдөө ч итгэж чадахгүй сандран гүйж явсан паян өмнө болон өнөө үеийн парламентад бишгүй бий. УИХ-ын гишүүн бүү хэл, төрийн албанд ч тэнцэхгүй хүмүүс тэгж мандсан удаа цөөнгүй. Түүний гороор төр эцэстээ 100 айлын барилгын захын “Би чадна”-чуудаар дүүрлээ.
Биеэ голохгүй нэр дэвшиж, аз ёндоо байвал гишүүн болчих хүсэлтэй тэдгээр нөхдийг буруутгах аргагүй. Илжиг хүртэл өөрийгөө морь гэж боддог хорвоо хойно. Тэгвэл тэдний нутгийг зааж, байрыг хэлж өгөх ёстой зүйл нь төрийн өндөр босго юм.
УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлогыг тодорхойлж, хууль санаачилж, бас хэлэлцэж батлуулдаг үндсэн ажилтай хүн гэдгээ ч ойлгохгүй тавьж орж ирээд, булайгаа дэлгэж, мундраа хутгаж байгаа жишээг бид одоо ч харж л байна. Гунигтай үзэгдэл шүү.
Ядаж бид УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн шалгуур, шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй. Дэлхийн томоохон орнуудад парламентын гишүүдийн нас ядаж л харьцангуй өндөр байдаг. Харин манайд улстөрчдийн нас улам л залуужих хандлагатай боллоо. Зарим талаараа сайн ч байх. Гэвч муу үр дагавар нь жин дарах болов уу. Монголын парламент ядаж л насыг 25 хүрсэн л бол хэн ч нэр дэвшиж болох заалттай. Энэ заалтыг ашиглаж, сүүлийн үед бизнесийн олигархи, эрх мэдэлтнүүдийн үе залгамжилсан хунтайж нар олноор УИХ-д орж ирэх нөхцөл бүрэлдсэн нь нууц биш.
Монгол Улсын тэргүүн баян нөхөр УИХ-д учраа мэдэхгүй орж ирээд, дөрвөн жил нэг ч удаа хуралдаа суухгүй тэнэж явсны эцэст дараагийн сонгуульд дахиад л нэр дэвшин сонгогдож байх жишээтэй. Байж болох үзэгдэл мөн гэж үү. Намд их хэмжээний хандив л өгсөн бол ямар ч бохир бизнес эрхэлдэг этгээд нэр дэвшээд, УИХ-ын гишүүн болж болдог тогтолцоо өнөөдөр ноёлж байна.
Бусад оронд төрийн жолоо атгах хүнийг сонгохдоо гэр бүлийн хүмүүжил, амьдралын туршлага, хувь хүний үзэл бодол, ёс зүй, хууль дээдлэх эрхэм ёс, эрүүл мэнд гээд олон зүйлийг шалгуур болгодог байна. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшигч 25 нас хүрсэн байх ёстой бол Сенатад заавал 30-аас дээш настнууд нэр дэвших ёстой. Казахстан улсын парламентад 40-өөс доош насны гишүүд нь нийт гишүүний 1.9 хувийг эзэлж байна. Өмнөд Солонгосын хувьд энэ үзүүлэлт 2.3, Хятадад 5.6, Франц улсад 7.6 хувийг эзэлдэг гэнэ.
Харин манай хуулиар бол 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй. Одоогийн босго шаардлага уг нь тийм ч намхан гэж хэлэгдэхгүй. Харамсалтай нь, түүнийгээ шалгуур болгон ягштал мөрддөггүйгээс заасан шалгуурт тэнцэхгүй хүмүүс хүртэл давхиж орж ирээд, эсвэл нэр дэвшээд тавьж явах болсон юм.
Хугацаа хэтэрсэн өр зээлгүй, барьцаа, батлан даалтын өргүй гэж заалт бий. Үүгээр бол өнөөгийн бизнес эрхлэгч гишүүд цөм нэр дэвших эрхээ заазлуулах байсан. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гэхэд Хөгжлийн банкнаас авсан 30 гаруй тэрбум төгрөгөө өнөө хүртэл төлөөгүй л явах жишээтэй. Ингээд цааш тоочвол олон. Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан байсан ч ялаа эдлээд гараад ирсэн хүн ч нэр дэвших эрхтэй. Цэргийн алба заавал хаасан байх ёстой гэсэн заалт ч бий. Мөн сэтгэцийн өөрчлөлтгүй байх гэж заасан байдаг. Үүнийгээ тодорхойлохын тулд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн өөрчлөлттэй, эсэхээ шалгуулж тодорхойлсон бичиг авчрах ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиудад сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй олон хүн нэр дэвшиж өрсөлдсөөр ирэв.
Хэн дуртай нь төрд ороод, дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэж бодож зүрхэлдэг болсон байна. Ямар ч гэмт хэрэгт орооцолдсон, ямраар ч нэр хүндээ алдсан, яаж ч элий балай аашилсан төрийн түшээ болж чадна гэж их хялбархан бодож чаддаг болсон нь Монголын парламент “амьтдын хүрээлэн” болох магадлалыг улам нэмэгдүүлэх боллоо. Сэтгэцийн өвчтэй, үнэхээр галзуу солиотой хүмүүс хүртэл тэр байдлаараа олонд танигдаж, түүнийхээ дараа төр барьж чадна гэж өвчигнөх аж.
Сүүлийн үед иргэний нийгэм гэж ихээр ярих болсон. Энэ нь төрийн бодлого, үйл ажиллагаанд хэн ч оролцож болох эрхийг чухалчлах бөгөөд УИХ-д нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхлыг төлөөлөх учиртайг онцолдог. Иргэний нийгэм гэдэг нь төр, улс төр, хувийн болон эдийн засгийн салбараас ялгаатай, хүмүүсийн сайн дурын үйл ажиллагааны хүрээ тул амьдрал дээр хүмүүсийн эдгээр харилцааны хил хязгаарыг тогтоох боломжгүй юм. Тийм ч учраас иргэний нийгмийн дотроос хэн ч УИХ-д нэр дэвших эрхтэй байх нь зүй. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэндийг ядаж сайтар нягталж, гол шалгуураа болгохгүй аваас төрийн үнэ хүнд унаж, босго шалгуур шалаар нэг болох нигууртай. Томас Гоббс төр хүчтэй байснаар иргэний нийгэм хөгжих боломжтой гэсэн санааг илэрхийлсэн.
А.Фергюсон хүн бүдүүлэг, ёс суртахуунгүй байдлаас гарахын тулд дүрэм, ёс заншилд захирагдаж сурдаг гэсэн нь бий. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Тэгэвч өөртөө хаан цол олгож, хатан хэргэм зүүж, бөө, хутагт, хувилгаад хэмээн элийрсэн бүхэн энэ нуувч дор УИХ-ын гишүүн болж, төрд шургаж, улс орны бодлого тодорхойлолцож болно гэж үү. Бодох л асуудал.
Энэ нь нөгөө талд сонгогчдын улс төрийн боловсролтой холбогдоно. Төрд байх төлөөллөө зөв сонгох итгэл найдвар улам бүр алдарсаар л байна. Иргэд улс төрийн боловсрол үгүйгээс нэр дэвшигчдийн дундаас хэн илүү танигдсандаа санал өгөх нь нийтлэг. Энэ тохиолдолд сайнаар танигдах, муугаар танигдахын ялгаа тийм ч их хамаагүй болж таарч байна.
ХБНГУ нь ерөнхий боловсролын хичээлээр дамжуулан улс төрийн хичээлийн шаталсан сургалтыг явуулдаг. Энэ нь улс төрийг, ардчиллыг сонирхох мэдрэмжийг сэрээж, шийдвэрт нөлөөлж чаддаг, бодол санаагаа нийгмээсээ болоод орчин тойрныхноосоо санаа зовохгүйгээр илэрхийлэх чадвартай, улс төрийн үйл явцыг ойлгодог, оролцдог иргэн төлөвшихөд нөлөөлдөг. Иргэд улс төрийн боловсролын ачаар төрийн үнэ цэнийг ойлгодог болж, улс төрийн үйл явцад идэвхтэй оролцоно.
Хэрвээ сэтгэцийн эмгэгтэй хүмүүс төрд гарвал юу болох вэ? Нийгэмд сэтгэцийн өвчин нь оношлогдсон хүмүүс тийм ч аюултай байдаггүй гэнэ. Харин оношлогдоогүй буюу шизофрени шиг сэтгэцийн хөнгөн хэлбэрийн эмгэгтэй хүмүүс нийгэмдээ, тэр дундаа улс төрд хамгийн ноцтой аюул заналыг учруулдаг аж. Үүний ил тод жишээгээр Адольф Гитлерийг нэрлэдэг. Сэтгэцийн эмгэгтэй хүмүү ихэвчлэн хариуцлагагүй, залхуу байдаг.
Олон улсад сэтгэцийн өвчнийг оношлодог шалгуур шинжүүд гэж бий. Хэрвээ нийгэм хэт хямралтай байвал нийт хүн амын 70 хүртэл хувь нь сэтгэцийн эмгэгт өртөх магадлалтай байдаг ажээ. Мөрийтэй тоглох, архи тамхинд донтох зэрэг нь сэтгэцийн эмгэгийг оношлох нэг шалгуурт багтдаг байж жишээтэй. Энэ тохиолдолд манай УИХ-ын гишүүдийн дундаас цөөнгүй сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг илэрнэ гэсэн үг л дээ. Ер нь хүнийг сэтгэцийн өвчтэй эсэхийг хэн, яаж шийдэх вэ гэдэг ихээхэн эргэлзээтэй, маргаантай сэдэв. Энэ асуултад хариулах амар биш. Бид ярихдаа зарим хүнийг “Хэвийн биш, гажигтай, ёоёотой, юмтай, солиотой, өвчтэй, галзуу” гэх мэтээр тодорхойлж ярьдаг. Тэгвэл өнөөдөр бидний тэгж нэрлэдэг олон хүн УИХ-ын гишүүн болоход ойрхон байна, эсвэл болсоор ч байна гээд төсөөл дөө. Энэ нь хэчнээн ужгиран хүндэрснийг саяхан Сонгинохайрхан болон Хэнтий аймагт өрнөсөн УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн дүр зураг маш тодорхой харуулав.
Тиймд сэтгэцийн эрүүл мэндийг чухалчлан шалгадаг байх шаардлага зайлшгүй үүсчихээд байна. Тэгэхгүй аваас цахим орчинд элийрч, чанга орилсон бүхэн УИХ-ын гишүүнээр сонгогдох магадлал улам л ихсэв. Дэлхийн улс орнууд нэр дэвшигчдэд тавих шаардлагаа өндөрсгөж байна.
Монгол Улсад нийт хүн амын 80 хувь нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн ноцтой таамаг ч явдаг. Энэ нь сэтгэцийн эмгэг гэж юуг тодорхойлох вэ гэдгээс шалтгаалах байх л даа. Гэхдээ яг бодит тоо баримтын хувьд Монгол Улсад 5-6 хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн албан ёсны тоо бий.
Сэтгэцийн эмгэгтэй эсэхийг зөвхөн ганц бичгээр нотолж болдоггүй, тэгэх боломж ч хомс байдагт асуудлын гол нь байгаа юм. Сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж тогтоохын тулд маш урт хугацааны ажиглалт, шинжилгээ шаарддаг. Хэрвээ сэтгэцийн эрүүл мэндийг УИХ-д нэр дэвших гол шалгуур болгосон тохиолдолд сөрөг талууд ч босч ирнэ. Үүгээр шалтаглаж, сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хаан боогдуулах шалтаг, шалтгаан болж ч мэднэ. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сэтгэцийн өөрчлөлттэй гэж дүгнэлт гаргаад сонгуульд оролцуулаагүй тохиолдол ч бий шүү дээ. Энэ утгаараа хэнийг ч оруулахгүй байх бололцоо бас үүснэ. Гэхдээ хэн ч нэр дэвших эрхтэй гээд сул задгай орхисноос өндөр босго, өргөн шалгууртай юм гэдгийг илэрхийлж байх нь зохистой мэт ээ.
Ирээдүйд бид УИХ-д сонгогдсон гишүүдээ хэдий болтол “Тэнэг, мангар”-аар нь дуудах юм бэ. Хэрвээ нэр дэвших босгоо өндөрсгөхгүй юм бол энэ байдал үүрд хэвээрээ байх болно. Бидний тэргүүн дээр жинхэнэ тэнэгүүд нь гарч ирж, тохуутай гэгч нь зайдагнасаар байх болно доо.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл