Тайвань арал дээр үнэхээр Америкийн цэргүүд байгаа, тэд орон нутгийн армийг сургаж байгаа бөгөөд Хятад улсын зүгээс түрэмгийлсэн тохиолдолд туслахад бэлэн байгаа гэж Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнь CNN агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Мөн тэрбээр АНУ-аас ирэх цэргийн албан хаагчдын тоо "хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч олон биш" гэсэн үгээр тайлбарлажээ.
Цай Ин Вэнь “АНУ-Тайванийн хамтын ажиллагааны цар хүрээ өргөн бөгөөд энэ бүхэн нь манай хамгаалалтын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна” гэв.
Бээжингийн зүгээс түрэмгийлэл гарах тохиолдолд АНУ-ын зэвсэгт хүчний дэмжлэгт найдаж байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр Вашингтоны дэмжлэгт итгэж байгаагаа онцолжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын цэргийн албан хаагчдын хязгаарлагдмал хэсэг Тайваньд дор хаяж нэг жил нууцаар байсан. 2020 онд Америкийн цэргүүд тус арал дээр хийсэн бичлэг хүртэл нийтэлсэн ч удалгүй устгасан тухай мэдээлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын цэргийн зааварлагчид одоо Тайваньд ажиллаж байгааг Ин Вэнь баталжээ.
1979 онд баталсан хуулиар Вашингтон нэг Хятадын зарчмыг дэмждэг ч Тайваньд цэргийн тусламж үзүүлэхээр заасан байдаг.
Өмнө нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки: АНУ Тайваньтай харилцах харилцаандаа хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, БНХАУ-ын заналхийллийг сөрөн зогсоход туслах болно гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, АНУ Тайваньд амлалт өгч байгаа нь Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй гэжээ.
Аравдугаар сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын талаас цэргийн түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд АНУ Тайванийг хамгаалахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ тэрээр Бээжинтэй хүйтэн дайн хийхийг эрмэлздэггүй гэдгээ мөн тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: Лента.ру