Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр 67 кг-ын жингийн хоёр дахь тойргийн тулаан болно. Энэ жинд Монгол Улсын тамирчин Б.Чинзориг өрсөлдөж байгаа бөгөөд эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай тулалдаж, 4:1 ялсан.
Харин энэ өдөр манай тамирчин Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөнө.
Винченцо 2011 оны ДАШТ-ий хагас шигшээ шалгарсан ч Бразилын Эвертон Лопешт ялагдаж, хүрэл медаль дээр буусан. Энэ тэмцээнд манай У.Мөнх-Эрдэнийг оноогоор ялж байлаа.
2012 оны Лондоны олимпод 64 кг-д Кубын Роньель Иглесиаст ялагдаж, хүрэл медалийн эзэн болсон тэр өдгөө 32 настай. Одоо хагас мэргэжлийн “World Series Boxing” лигийн “Dolce & Gabbana Italia Thunder” багт харьяалагддаг. Мэргэжилд гурван удаа тоглохдоо бүгдэд нь ялсан үзүүлэлттэй.
Сонирхуулахад, энэ удаагийн тэмцээний шагналын сан маш өндөр болсноороо онцлог юм.
Тодруулбал:
Алтан медаль – 100 мянган ам.доллар
Мөнгөн медаль – 50 мянган ам.доллар
Хүрэл медаль – 25 мянган ам.доллар