Францын Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газар төрийн эргэлт хийх оролдлогоос урьдчилан сэргийлсэн гэж Le Parisien бичжээ.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар "Ардчилсан хөдөлгөөн" намын депутат асан Реми Дайе болон түүнийг дэмжигчид Францад төрийн эргэлт хийхээр төлөвлөж байжээ. Реми Дайе нь вакцинжуулалтын төвүүдэд халдлага зохион байгуулах хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа юм. Мөрдөн байцаагчид депутат асаны хэлхээ холбоог нягталж шалгахад тэтгэвэрт гарсан цагдаа, жандармер болон цэргийн хуучин албан тушаалтнуудыг багтаасан "террорист нийгэмлэг"-ийн сүлжээг улс орон даяар үүсгэсэн болох нь тогтоогджээ. Энэхүү хуйвалдаанд оролцогчдын хоорондоо харилцаж байсан захидалд шинжилгээ хийхэд тус сүлжээний бүс нутгийг хариуцдаг 36 ахлагчийг илрүүлсэн байна.
Даиегийн талынхан бамбай, тэсрэх бөмбөг тэргүүтнээр зэвсэглэн Елисейн ордон, парламентын ордон, Дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний яамны байр болон суртал нэвтрүүлгээ цацах телевиз, радио станцыг булаан авахаар төлөвлөж байжээ. Хуйвалдагчид уг төлөвлөгөөгөө "Лазурь ажиллагаа" гэж нэрлэж байв.
Депутат асан Дайе найман настай охиныг хулгайлсан хэргээр Францын хууль сахиулах байгууллагынхнаас нуугдаж Малайзад байхдаа бослого гаргахыг уриалж эхэлжээ. 2021 оны 4-р сард Дайе Францын зарим парламентын гишүүдэд "Бүгд найрамдах улс зонхилох санаа байхаа больсон", "тооцоо бодох цаг ирлээ" гэсэн утга бүхий мессеж илгээсэн бөгөөд эдгээр депутатаас нэг нь прокурорын байгууллагад хандсаны дараа мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн юм.
Харин Реми Дайегийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ терроризмын хэрэгт буруутгагдаж буйг үгүйсгэсэн байна. Түүний хэлснээр экс депутат "Үзэл бодлоо илэрхийлэх, ухамсрын эрх чөлөөгөө хэрэгжүүлэх хүрээнд одоо байгаа улс төрийн тогтолцоог тайван замаар өөрчлөхийг ард түмэнд уриалсан" гэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Парисын шүүх Францын экс Ерөнхийлөгч Николя Саркозиг 2012 онд сонгуулийнхаа сурталчилгааг хууль бусаар санхүүжүүлсэн хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Энэ шийдвэр нь 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн тэргүүн Эммануэл Макронтой өрсөлдөгчдийн хувьд "аймшигтай анхааруулга" юм гэж улс төрийн шинжээчид үзэж байна.