Москва талибуудын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийв
10-р сарын 20-ны лхагва гаригт Талибан хөдөлгөөний бүрэн эрхт төлөөлөгчдийн оролцоотойгоор Афганистаны асуудлаарх Москвагийн зөвлөлдөх уулзалт болов. Талибууд болон Оросын дипломатчдаас гадна Хятад, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид хэлэлцээрт оролцжээ. АНУ-ын эрх баригчид уулзалтыг дэмжсэн ч оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Хэлэлцээрт Оросыг төлөөлөн Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон бол харин Афганистаны талаас Талибаны засгийн газрын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки тэргүүлэв.
ОХУ Талибаны Засгийн газрыг хууль ёсны гэж хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна
Талибуудын байгуулсан Засгийн газрыг Афганистаны хууль ёсны засгийн газар гэж одоогоор аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Гэсэн хэдий ч Москвад хэлэлцээр болов. Оросын тал тус хөдөлгөөний төлөөлөгчид Афганистаны нийгмийн нэг хэсэг учраас тэдэнтэй харилцахаа хэзээ ч нуугаагүй гэж Лавров нэг бус удаа хэлж байв.
Энэхүү уулзалтын дараа ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл гарсан. Энэхүү мэдэгдэлд Афганистаны шинэ засгийн газрыг олон улсын хамтын нийгэмлэг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран Афганистантай харилцах харилцааг шинэ бодит байдал буюу Талибчууд засгийн эрхэнд гарсаныг харгалзан бий болгох ёстой гэжээ.
Талибан хөдөлгөөнийг дэлхийн ихэнх улс орнууд террорист байгууллага гэж тооцдог бөгөөд Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Түүнчлэн энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчидтэй албан ёсны харилцаа холбоо тогтоохыг бас хориглодог.
Гэсэн хэдий ч Москва тус хөдөлгөөний удирдагчидтай харилцаатай байгаа бөгөөд тэд Оросын нийслэлд хэлэлцээр хийхээр нэг бус удаа ирж байв. Оросын эрх баригчид тус улсын шинэ эрх баригчидтай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч тэднийг террорист байгуллагын жагсаалтаас хасах гэж яарахгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохих шийдвэргүйгээр талибуудыг алан хядагчдын жагсаалтаас хасах асуудал байж болохгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар хэлтсийн дарга Замир Кабулов тэмдэглэсэн байна.
НАТО-гийн холбоотнууд Афганистаны эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулах ёстой
Москвэгийн хэлэлцээрийн чухал хэсэг нь Афганистаны эдийн засгийн нөхцөл байдал байв. Талибууд засгийн эрхэнд гарсны дараа тус улсад эдийн засгийн хямрал үүссэн, тэр дундаа гадаад улсын банкууд дахь тус улсын хөрөнгө мөнгийг царцааснаас үүдэлтэй хямрал үүссэн. Афганистаны нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн байдал хүндэрч, олон улсын хамтын нийгэмлэг тус улсын иргэдэд бүх талаар туслах ёстойг талууд тэмдэглэв.
Мөнгө босгохын тулд НҮБ-ын ивээл дор олон улсын хандивлагчдын бага хурлыг зохион байгуулах санал тавьсан. Үүний зэрэгцээ Афганистаны эдийн засгийн сэргээн босголт, хөгжлийг санхүүжүүлэх гол ачааг НАТО-гийн орнууд, тэр дундаа АНУ үүрэх ёстой. Эцсийн эцэст энэ улсад сүүлийн 20 жилийн хугацаанд тэдний цэргийн бүрэлдэхүүн байсан.
Талибчууд хүртээмжтэй засгийн газар байгуулж, "ухаалаг бодлого" баримтална гэж амалжээ
Хэлэлцээрийн дараа талууд "Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхээ илэрхийлэв" гэж ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд дурджээ.
Мөн тус улсын нутаг дэвсгэрт алан хядах байгууллага үүсч хүрээгээ тэлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд улс орны аюулгүй байдлыг хангах ажлыг цаашид ч үргэлжлүүлэх болно гэдгээ уулзалтад оролцогчид тэмдэглэжээ.
Оролцогч орнууд мөн талибуудад хандан "төрийн удирдлагын тогтолцоог сайжруулах нэмэлт арга хэмжээ авахыг" уриалжээ. Өөрөөр хэлбэл тус улсын бүх угсаатны улс төрийн хүчний төлөөллийг багтаасан "багтаамжтай" Засгийн газар байгуулахыг уриалсан байна. "Энэ нь Афганистан дахь үндэсний эвлэрлийн үйл явцыг дуусгах үндсэн нөхцөл болно" гэж баримт бичигт дурджээ.
Үүнээс гадна уулзалтад оролцогчид талибуудад хандан "дундаж, ухаалаг" дотоод, гадаад бодлого явуулахыг уриалав. Тус улсын шинэ эрх баригчид Афганистаны хөрш орнуудад найрсаг бодлого баримтлах ёстойг мэдэгдлийн эх бичвэрт онцолсон байна.
Эх сугрвалж:Lenta.ru