Аль Жазира: Суданы арми нийслэлийг бүрэн бүслэж, гудамжинд энгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ
Суданы нийслэл Хартум хотыг цэргийнхэн бүрэн хаагаад байна. Тус улсын иргэний хүчнийхэн цэргийн эргэлтийг эсэргүүцэн гудамжинд гарахыг уриалж байна. Энэ тухай Al Jazeera мэдээллээ
Одоогоогр нийслэл рүү орох бүх зам, хотын гүүрүүд аль хэдийнэ хаагдаж, Суданы нийслэлийн хэд хэдэн дүүрэгт интернет тасарсныг Коммерсант сонин мөн онцолжээ.
Суданы цэргийн эрх баригчдыг эсэргүүцэж буй "Үйлдвэрчний эвлэлийн холбоо" тус улсын оршин суугчдыг гудамжинд гарч, "цэргийн эргэлтийг эсэргүүцэж, тэднийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэхийг " уриалжээ. Энэхүү холбоо нь тус улсад 2019 оноос хойш хоёр дахь удаагаа цэргийн эргэлт эхэлсэн гэдэгт итгэлтэй байна.
Суданы Ерөнхий сайд Абдулла Хамдукийн гэрийг зэвсэгт этгээдүүд бүсэлсэний дараа жагсаал эхэлсэн байна. Түүнээс гадна харилцаа холбоо, мэдээлэл, санхүү, аж үйлдвэрийн дөрвөн сайд, мөн Хартумын амбан захирагч Айман Нимр болон Тусгаар тогтнолын зөвлөлийн тэргүүлэгч Мухаммед аль-Факи нарыг баривчилсан байна.
Суданд хоёрхон жилийн өмнө буюу 2019 онд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагааж байв. Ингэснээр тус улсад эрх мэдлийн хоёр бүлэглэл бий болсон бөгөөд тэдгээр нь : Тусгаар тогтнолын зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурханы толгойлсон цэрэг армийнхан, хоёр дахь нь Ерөнхий сайд Абдулла Хамдукаар удирдуулсан энгийн иргэд юм.
Тус улсад 2021 оны арваннэгдүгээр сар хүртэл шилжилтийн үе хэрэгжинэ гэж дээрхи хоёр бүлэглэл тохиролцоод байсан ч нөхцөл байдал ингэж өөрчлөгдөж, цэргийн эргэлт гараад байна.