Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өөр албанд томилсон.
Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж энэ албанд томилж байсан санагдана. Гэвч энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон "Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан хэмээн хоёр хүнийг нэр зааж ажлаас нь чөлөөлж өөр албанд томилох чиглэлийг Ерөнхий сайд өгсөний нэг нь Р.Чингис байсан юм.
Харин нэр дурдагдсан нөгөө нэг хүн нь Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр. Тэр ч бас Зайсан хилл-ийн тоглолтыг хар толгойгоороо хариуцах хүний нэг мөнөөс мөн. Харин түүнд хэзээ хариуцлага тооцох вэ гэсэн асуулт иргэдийн дунд үлдэж байна.
Ерөнхий сайдын зүгээс Т.Гантөмөрт хариуцлага тооцох тухай сануулга анхных нь энэ биш юм. Урьд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа тэнцэхгүй, рекламны ярилцлага, мэдээллээр ажлаа явуулдаг дарга нарыг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Үүний нэг нь Хотын ерөнхий менежер хэмээн нэр заан тодотгож, мэргэжилдээ гаргуун, залуу боловсон хүчин олон. Тэдгээрт зайгаа тавьж өгөх хэрэгтэй хэмээж байв.
Өмнөх долоо хоногт УИХ-аар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүн Н.Учралын хэлсэнчлэн “нэг байгууллагад буг болтлоо цаг бүртгүүлж буй дарга нар”-ын нэг нь энэ Т.Гантөмөр.
Тэрбээр 2016 онд Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байв. Түүнээс хойш таван жилийн хуацаа өнгөрч байна.
Харин түүний автортой ямар ажил Нийслэлд үлдэж байгаа нь тодорхойгүй. Уулын модыг ухаж Улаанбаатарт “булшилдаг”, ингэхдээ их өндөр үнээр гэсэн хэл яриа өнгөрсөн жилүүдэд түүний эргэн тойронд өрнөж байсан.
Түүний нэртэй холбогддог шар хайсыг хотынхон мартаагүй байх. Ганцхан оройн салхинд ханарч унаж ихэнх нь тэгээд түүхий эдийн цэг рүү ачигдсан байх. Тухайн үед тэр шар хайсыг 760 сая төгрөгөөр авсан гэж байсан бөгөөд энэ нь Алибаба дээр зарагдаж байгаагаас хавьгүй өндөр үнээр авсан тухай цахим орчинд баримт нотолгоотой тавигдаж байсан юм даг.
Мэргэжлийн хүмүүс энэ шар хайсыг хамгийн өндөр зардлаар тооцоход л 300 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж байв. Энэ мэтчлэн дурдаад байвал олон зүйлийг өгүүлж болно.
Хотын ерөнхий менежерийн ажилд хоёр жилийн өмнө буюу 2019 онд хэвлэл мэдээллийнхэн “F” буюу "муу" үнэлгээ өгч байсан удаатай.
Түүний гараар татвар төлөгчдийн мөнгө ёстой ус шиг л урсаж байгаа. Зарим хэсгээс нь дурдахад 2017 онд 33.3, 2018 онд 40.1, 2019 онд 45.1 тэрбум төгрөгийг зөвхөн хот тохижилтод төсөвлөсөн байдаг. Үндсэндээ гурван жилийн хугацаанд 110 гаруй тэрбум төгрөгийг тохижилтын ажилд зарцуулжээ. Харин үүнээс юу үлдэж хоцорч байгаа нь тодорхойгүй.
Лав л хотын төвийн зарим газрын явган хүний зам гэхэд энхэл доголтой, элэгдэж эвдэрсэн байдалтай хэвээр. Тоос пургисан саарал өнгө төрх, бүүдгэр гэрэлтүүлэг, золбин нохой муур... бүгд л хуучин байдлаар.
2020 оны санхүүгийн тайланд хийсэн Аудитын байгууллагын хийсэн шалгалтаар Т.Гантөмөртэй холбоотой 1.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тухай бид саяхан баримт нотолгоотой нь нийтэлэгдсэн.
Аль ч талаас нь харсан Т.Гантөмөрийг Улаанбаатарынхан сайн менежер гэж хэлэхгүй, ийм байсан асуудлыг ингэж шийдсэн гээд барин тавин бэлээхэн жишээ нэрлэж чадахгүй.
Ерөнхий сайдын Т.Гантөмрийг “явуулах”-ыг дахин дахин сануулах шалтгаан энэ байж мэднэ. Ямартай ч Хотын орлогч Р.Чингис явлаа, харин Ерөнхий менежер Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ?
Г.Хан