УЛСЫН ИХ ХУРАЛ
Хоёр яам, дөрвөн яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэв
Дүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэв.
Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгаад байгаа юм.
Мөн өдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжээд байна.
Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөлөө
Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан. Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу 17264 хүний санал авсан юм.
УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд шинээр сонгогдсон гишүүд пүрэв гарагт /2021.10.21/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөлөө.
ЗАСГИЙН ГАЗАР
Ерөнхий сайд “Оросын төмөр замууд”, “Роснефть”-ийн захиралтай асуудал тохиров
Энэ сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй утсаар ярив.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.
Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.
Мөн “Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.
Шадар сайд ОХУ-ын засгийн газрын орлогч Монголд айлчлав
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Түүнчлэн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.
Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.
Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх
-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
-Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хоногт зарлана
“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.
Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.
НАМ БҮЛЭГ
МАН-ын бүлэг Оюутолгойн тулгалтад өгөх хариуг хэлэлцэв
Даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн асуудлаар хаалттай хуралдав. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар МАН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, “Далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд манай талыг буулт хий гэж хөрөнгө оруулдагчид шахсан. Хэрэв тэгэхгүй бол далд уурхайн төслийг зогсооно гэж мэдэгдсэн” тухай асуудлыг олонхын бүлэг ийнхүү хаалттай хэлэлцжээ.
Оюу толгойн гэрээг өөрчилж, энэ төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн УИХ-ын 92-р тогтоол бий. Энэ тогтоолыг хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын Түр хороо байгуулагдаж, Ц.Даваасүрэн гишүүн ахалж буй. Харин Засгийн газар тус Түр хорооноос чиглэл авч, 92-р тогтоолын хүрээнд Оюу толгойн хэлэлцээг хийж байгаа юм.
АН: Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намаас хаслаа
Даваа гарагт /2021.10.18/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдав.Бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, "УИХ-ын г ишүүн Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нар нь Ардчилсан намын дүрмийн заалтуудыг зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсныг тогтоож, үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийдвэр гаргасан гэдгийг мэдээлсэн юм.
Тэрбээр мөн “Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн УИХ-ын хуулиараа тухайн нам эвсэлээс сонгогдож гарсан гишүүн бүлэг ажиллана гэж заасан байдаг. Тийм учраас тэд манай намын бүлэгт энэ хоёр гишүүн ажиллах боломжгүй” гэсэн юм.
Долоо хоногийн томилгоо
Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийв. Үүнд:
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог ХЗДХ-ийн дэд сайдаар томилж , оронд нь Д.Батбаатарыг томиллоо. Д.Батбаатар урьд нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөөд байсан юм. Харин БШУ-ны с айдаар хэсэг хугацаанд ажиллаад Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн БШУ-ны яамандаа Төрийн бичгийн даргаар эргэн ирлээ.
Засгийн газрын хуралдаан Г.Элбэгсайханыг Оюуны өмчийн газрын даргаар томилсон байна. Тэрбээр урьд нь ХЗДХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай.