М.Цэрэнлхам: 3x3 төрөлд монголчууд удахгүй медаль хүртэнэ

2021-10-19
1573

Монголчууд багийн спортоор олимпод оролцох нь бидний хувьд мөрөөдөл байсан. Холын тэр мөрөөдлийг  3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг биелүүлж “Токио-2020”-д  улсаа төлөөлөн оролцсон билээ. Монголын  спортын түүхэнд шинэ хуудас нээж буй 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхамтай ярилцлаа. 

-Таны өвөө  тамирчин хүн юм байна. Спортод хөл тавихад гэр бүлийн зүгээс оролцоо байсан уу? 
-Би хоёр талын спортын удамтай. Манай өвөө  волейболын ОУХМ  н.Долгорсүрэн гэж хүн бий.  Ээжийн аавыг   аймгийн арслан  Ш.Дамдинсүрэн гэхээр  Баянхонгорчууд андахгүй. Аав ээж маань мэргэжлийн тамирчин биш ч спортод элэгтэй. Тиймээс намайг бага байхад  волейболын спортод оруулсан.  Оюутан болтлоо энэ спортоор  хичээллэсэн.  

-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэв? 
-Оюутан болоод удаагүй байхад дасгалжуулагч Д.Батсүрэн “Баянхонгор аймгийн харъяалалтай өндөр хүүхэд хэрэгтэй” гээд намайг 18 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг санал болгосон. Тэр миний сагсан бөмбөгийн анхны тэмцээн байлаа.  Улмаар   шилдэг таван тоглогчийн нэг болсон нь энэ спортод улам гүн орох  шалтгааны нэг болсон.  Түүнээс гадна  сурагчдын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багт багтаж байлаа. Оюутан байхдаа ШУТИС-ийн волейбол, сагсан бөмбөг, гандболын шигшээ багт тоглодог байсан.

-Гандболын шигшээ багт яагаад орох болов.  Хичээллэдэг байв уу? 
-Тухайн үед би  гандбол огт  тоглож үзээгүй байсан. Гандболын улсын шигшээ баг бүрдүүлэхдээ сагсан бөмбөг, волейбол тоглодог  үеийнхэн дотроосоо нуруугаар өндөр   хүүхдүүдийг сонгож  авсан юм билээ. Би шаардлагад нь нийцээд гандболын улсын шигшээд орсон. Довтлогчоор бэлтгэл хийж байсан ч гараа гэмтээгээд хаалгач болсон. Нэг жил 2-3 тэмцээнд оролцоод гандболыг орхисон. 

-Гурван спортоор сургуулийн шигшээ багт тоглож байсан юм байна. Яагаад сагсан бөмбөгийг нь сонгов? 
-Оюутан байхад аль алийг нь амжуулаад явж болдог байлаа. Дөрөвдүгээр курст орсон  намар “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос Тайваны их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах урилга ирсэн. Хүссэн мэргэжлээрээ сураад  сагсан бөмбөгөө тоглох боломжтой учраас их сургуулиа төгсөх жилээ чөлөө авч Тайваныг зорьсон. Тэнд хичээлээ хийхийн хажуугаар сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэх боломжгүй учраас волейбол, гандболыг орхисон юм. 

-5x5, 3х3 сагсан бөмбөгийн ялгаа нь юу вэ? 
-5х5, 3х3-ын аль аль нь  бөмбөгийг цагирагт оруулахаас бусдаар  ялгаатай. 5х5 нь өөрөөсөө бусад дөрвөн хүнтэй илүү удаан тайван тоглодог. 3х3  бол 10 минутын турш маш хурдтай, хүч шавхсан тоглолт болно. Бэлтгэл, хурд хүчээс гадна нэлээд тэвчээртэй хүн л 3х3-ийг тоглодог. 

-Манай тамирчид   3х3-аар гаргаж байгаа шиг амжилтыг дэлхийд гаргах боломжтой юу? 
-Боломжтой. Миний хувьд 18 наснаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Харин гадны тамирчид тав зургаан наснаасаа тоглож эхэлдэг. Манай улсын эмэгтэй тамирчид хамгийн  эрт нь  10 гаруй наснаас  анх тоглодог. Гэхдээ монголчууд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж чадаж байна гэдэг  нь урт хугацаанд илүү их амжилт гаргаж болохыг харуулж байгаа юм. Олон улсын адил тамирчдаа багаас нь бэлтгэвэл манай улс аль ч төрөлд нь том амжилтад хүрэх боломжтой. 

-Сагсан бөмбөгөөс мэдэрдэг хамгийн сайхан зүйл нь юу вэ? 
-Хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг мэдрэх л хамгийн сайхан. Мэргэжлийн тамирчдын хувьд  хамгийн сайхан мөч  бол  олимпийн дэвжээнд гарах байдаг. Ерөөс тамирчин  болгоны мөрөөдлийн оргил нь олимп шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээр олимпийн эрхийг олж авдаг. Олимпод эх орноо төлөөлнө гэдэг хамгийн сайхан байлаа. 

-Олимпийн шигшээ багийн тамирчдыг ямар шалгуураар шалгаруулж авсан бэ?
-Бид 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд олимпод оролцох  болсноо мэдсэн. Арванхоёрдугаар сард эмэгтэй 10 тамирчин Хандгайтын “Их тамир” баазад бэлтгэлд гарсан юм. 10 тамирчнаас дөрөв нь хасагдаж зургаа нь олимпийн бэлтгэлд хамрагдсан.  Богино хугацаанд маш их бэлтгэл хийсэн. Зарим тохиолдолд  өдрийн 9-10 цаг бэлтгэл хийж байсан. Тодорхой үе шаттай гаргасан   төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж, дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлийн явцыг статистикаар оноожуулдаг байсан.  “Сэтгэл зүйн төв”-өөс тест бөглүүлж даалгавар өгнө.  Ингээд есөн дасгалжуулагч хэнийг олимпод явуулах талаар санал хураасан. Мөн  олимп эхлэхээс  өмнө долоон тамирчин Европын  гурван тэмцээнд оролцсон. Тэмцээний статистик үзүүлэлт , талбайд гаргаж байгаа үр ашгийг  харгалзсан. Тэмцээний дараа үлдсэн зургаан тамирчнаас хамт тоглохыг хүсч буй гурван тамирчныг сонгуулсан. Энэ бүх үзүүлэлтийг жагсаагаад бид дөрөв шалгарсан. О.Хулан тэргүүлж би хоёрт бичигдсэн байсан. 

-Шигшээ багт багтаагүй хоёр тамирчин  тухайн үед хасагдсан гэдгээ  хүлээн зөвшөөрсөн үү? 
-Биднийг олимпод явахын өмнө Хандгайтад дасгалжуулагчид, менежер, сэтгэл зүйч гээд бүтэн багаараа цугларч  шалгаруулалтынхаа дүнг танилцуулсан. Япон явахаас өмнө хэн тоглох нь тодорхой болсон. 

-Олимпийн наадамд тоглохын өмнө тамирчдын нэрсээс болж нийгмийн зүгээс та нар руу маш их дайрсан. Энэ нь тамирчдын сэтгэл зүй болон тоглолтод нөлөөлсөн үү? 
-Бид тэмцээнд явахдаа онгоцны буудал дээр буугаад утсаа хураалгадаг. Тэмцээн дууссаны дараа  буцааж  авна. Олимпоос өмнө Яйзү хотод бэлтгэл хийсэн. Тэр үед  утсаа хураалгасан байсан. Тулга дасгалжуулагч нийгэмд юу болж байгааг мэдэж байсан учраас бидний утсыг хурааж авсан юм билээ.  Хэрэв COVID-19  цар тахлын нөлөөгөөр  олимп хойшлоогүй бол Д.Ганзул, Болор-Эрдэнэ   эгч  нарыг  олимпод явах байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын шилдэг тамирчдыг яагаад хассан учрыг ойлгоогүй учраас нийгэм бухимдах нь аргагүй. Хүмүүс биднийг элдвээр хэлж доромжилж байсан ч бидний зорилго сайн тоглох. Тиймээс ямар нэгэн байдлаар айж сэтгэл зүйн дарамтад ороогүй. Манай  захирал “Минжин нуруу намтай болохоор хасагдсан. Д.Ганзул бэртлийн улмаас оролцох боломжгүй боллоо. Бид шилдэг тамирчнаа явуулаагүй ч шилдэг багийг явуулж байна. Ямар нэгэн ашиг сонирхлоор та нарыг сонгоогүй” гэж хэлсэн нь сэтгэл зүйд дэм болсон. “Хэрэв  хасагдвал яах вэ, нийгмийн дайралтыг хэрхэн давах вэ” гэдгийг  бодож үзэх хэрэгтэй юм байна лээ. Энэ тал дээр сэтгэл зүйчид зөвлөгөө өгч байсан учраас асуудал багатай даван туулсан. Хураалгасан утсаа авахдаа  хүмүүсийн  доромжилсон мессэж, мэдээллийг харсан.  Эхлээд хүндээр хүлээж авдаг байлаа. Одоо дархлаатай болж тоохоо больсон. 

-Олимпийн багт сэтгэл зүйч багтсан. Олимпоос бусад тэмцээний үед сэтгэл зүйч ажилладаг уу? 
-2019 онд эрхээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд “Сэтгэл зүйн хүрээлэн”-ийн хамт олон зөвлөгөө өгч ажилласан. Олимпийн бэлтгэлийн үед сэтгэл зүйч  Г.Золжаргал  зөвлөгөө өгч байлаа. Олимпоос өмнө ямар нэг сэтгэл зүйч ажиллаагүй. 

-Багийн спортоор улсаа төлөөлж олимпод оролцсон анхны тамирчин боллоо. Юугаар бахархаж байна? 
-Их өрсөлдөөн дундаас шалгарсан учраас  эхлээд ямар нэгэн өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл төрөөгүй. Тамирчдын тосгонд байрлаад NBA болон дэлхийн алдартй тамирчидтай тааралдахад  сэтгэл  ихээхэн хөдөлж байсан. Тоглолтын урд өдөр “О.Хулантай хамт байшингийн цонхоор алсыг ширтэж сэтгэл зүйн дасгалаа хийсэн. Тэр үед  “Их бэлтгэл, шалгуурыг даваад улсаа төлөөлөн олимпод оролцохоор боллоо. Бид чадлаа” гэж нэг нэгэндээ урам өгч байсан. Яг тэр мөчид  харин өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж  байлаа. 

-Энэ удаад оролцоод үзчихлээ. Дараагийн олимпод медаль авах боломжтой юу? 
-3x3 тамирчдын насжилтыг харьцуулахад  олимпийн баг хамгийн залуу баг байсан. Олимпийн дараа бид залуу туршлагатай баг болсон. Тиймээс ирэх гурван жилд бэлтгэлээ сайх хийж олимпийн эрхээ авч улмаар амжилтаа ахиулахыг гол зорилгоо болгож байгаа. Бид  дараагийн олимпод тоглохгүй ч байж болно. Өөр тамирчид болон дүү нар оролцох боломжтой. Гэхдээ хэн ч орсон Монгол Улсын шигшээ багт боломж бий. 

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.