-Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай: Талибанд дотоодын хууль ёсны байдал хэрэгтэй-
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Талибаны засгийн газар Афганистаны нутаг дэвсгэрт хууль ёсны болох ёстой. Афганистаны экс Ерөнхийлөгч Хамид Карзай "Америкийн дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа ингэж онцолжээ.
Тэрбээр "Афганистаны ард түмний дэмжлэгийг авахын тулд Талибчууд бусад асуудлаас гадна Үндсэн хуулиа баталж, бүх Афганы ахмадын зөвлөлийг (Лоя Жирга) хуралдуулах ёстой" гэжээ.
Үүнээс гадна Афганистаны удирдагч асан Пакистаныг Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо болихыг уриалжээ.
Тэрээр мөн Афганистаны хөрш зэргэлдээ улс орнууд террорист "Исламын улс"-тай тэмцэхэд туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. "Исламын улс" бүлэглэл нь "Афганистаны ард түмний амьдрал, сайн сайхан байдалд заналхийлж байна" гэдгийг Карзай анхааруулжээ.
Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Талибан хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрах эсэх талаар ярихдаа "яарах зүйл байхгүй" гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ тэрээр Афганистаны шинэ засгийн газартай холбоо тогтоох шаардлагатай байгааг мөн тэмдэглэсэн юм.
Оросын удирдагчийн хэлснээр, Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасах эсэх асуудлыг Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл /ТУХН/-ийн орнуудын тэргүүн нартай хэлэлцэж шийдвэрлэнэ гэжээ.
Эх сурвалж:Лента.ру