Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: Иргэдийн дунд ташаа мэдээлэл байгаа нь хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байна
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгааныг тайлбарлая. Иргэдийн дунд ташаа мэдээлэл байгаа нь хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байна.
2020, 2021 онд 70 орон хөрөнгө оруулалтын босгыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлээд байна. Харамсалтай нь, Монгол Улс эдгээр орны тоонд багтаагүй. Иймд Монгол Улс хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээж өгөх зорилготой. Цар тахлын улмаас гадаад харилцаа тасраад байна. Хуулийн гол агуулга нь гадаадын болон монгол иргэн хамтарсан компани байгуулахад цахимаар гэрчилгээ авч болно.
100 мянган ам.долларын босго нь гадаадын иргэдээс илүүтэй Монгол Улсын иргэдэд ашигтай. Бид энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас хуулийн төслийг өргөн барьсан юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт гэсэн ойлголт үгүй болж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь байшин сав, машин авах биш, компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Бид цар тахлын дараа эдийн засгийг сэргээх олон хөтөлбөр ярилаа. 100 мянган ам.долларын босгын асуудлыг зөв ойлгох ёстой. Бид зөвхөн уул уурхай, "Рио-Тинто" компанийн хөрөнгө оруулалтын тухай ярьсаар сүүлийн 10 жилийг өнгөрөөлөө. Хөрөнгө оруулалт 2012 оноос 12 тэрбум дээр л гацсан. Үүнийг тогтмол барихын тулд экспорт, хөрөнгө оруулалт, зээл. Гэтэл экспортын хөгжил байхгүй. Түүхий эдийн үнэ өссөн ч бид ашиглаж чадахгүй байна. Мөн Хөрөнгө оруулалтын босготой холбоотой хөрөнгө оруулалтгүй болсон. Иймд өнөөдөр хөрөнгө оруулалтын 12 тэрбумын түвшинг байнгын зээлээр л хадгалж байна.
Тэрбээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон шалтгаануудыг тайлбарлав. Үүнд,
- Дэлхийн банкны судалгаагаар 118 улсад ямар нэгэн босгогүй хөрөнгө оруулалтын бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон.
- 2020, 2021 онд 70 улс хөрөнгө оруулалтын босгыг бууруулж таатай орчныг бүрдүүлсэн. Харамсалтай нь эдгээр улсад Монгол Улс багтаагүй.
- Монгол Улсад хөрөнгө оруулалтын үүд хаалгыг нээх зорилгоор босгыг бууруулж, 100 мянган долларын тухай асуудлыг тусгасан. Тухайлбал, мэдээлэл технологийн дэлхийн хамгийн том 500 компанийн 70 хувийг старт-апууд эзэлдэг. Цаашид тус чиглэлд хөрөнгө оруулалтын компаниудыг дэмжсэн бизнесийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА: Нэг сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хүн бүр эмзэг ханддаг. Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудалд тайлбар өгье. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад 500 мянган ам.доллар, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаадын иргэн харьяат эрх зүйн байдлын тухай хуулиар визний асуудлыг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг.
Энэ хуулийг баталснаар хэчнээн саяар хүн орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлага бий" гэв.