Тээвэрчид: Цагаанхад бол “Дарга нарын диваажин, жолооч нарын там”

2021-10-14
11290

Цагаанхаданд 8,2 сая тонн нүүрс байна. Хятадууд худалдаад авчихсан ч гаргаж чадахгүй байгаа нүүрс. Үүнийг он дуусахаас өмнө гаргахын чухлыг Сангийн сайд Б.Жавхлан учирлав. Энэ зураглалаар бол он дуустал экспортонд нүүрс гаргаж чадахгүй гэсэн үг. Сайд “энэ жилийн экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авна. Нүүр тулах л асуудал” гэжээ.   

 Л.Халтар сайд уулзахгүй гэсэн хүмүүстэйгээ төв талбай дээр “тааралдав”

 Нүүрс тээврийн зохицуулалт бол үндсэндээ ЗТХ-ийн сайд Л.Халтарын хар толгойгоороо хариуцах асуудал. Уг нь аливаад шийдэл, гаргалаа гэж байдаг сан. Бүтэлгүйтэл бүхнийг үүрүүлэх “ковид” хэмээх бэлээхэн буруутантай болсон.  Ийм л өнцгөөс Л.Халтар сайд зовлон тоочсоор жил тойрох шинжтэй.

Нүүрсний хэдэн халтар жолооч нар маань тэсч тэвчихийн хязгаараа давж өчигдөр гомдол цөхрөлөө Гашуунсухайт,  Улаанбаатарын төв талбай дээр гаргалаа.

Төв талбайд цугларсан жолооч нар Тавантолгой-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг энэ сарын 20-оос эхлэн зогсоож байгааг эсэргүүцсэн. Тэд салбарын сайдтай уулзах гээд яамны гадаа хоёр хоног хонож өнжөөд чадсангүй. Ингээд аргагүйн эрхэнд төв талбай дээр ирж, зарим нэг нь том машинтайгаа талбайг гороолов бололтой.

Жолооч нарыг хоёр хоногийн өмнө хүлээж авч уулзаад асуудлаа ярилцах боломжоос татгалзсан сайд Засгийн газрын хуралдаанаасаа хөөгдөх туугдах дээрээ тулж, жолооч нартай уулзжээ.

Тэглээ гээд юу ч шийдэгдсэнгүй, чиглээд ирсэн асуудлыг бусгаж тойрч, бултаж зугатсан тайлбараар таглаад өнгөрөв.

Тээвэрчид Цагаанхадыг “Дарга нарын диваажин, жолооч нарын там болж байна” гэв

 Мөн өдөр өмнөд хил дээр нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж зам хаажээ. Жолооч нар энэ үеэрээ “Цагаанхад дарга нарын диваажин, жолооч нарын там болж байна” гэсэн нь тэндэх нөхцөл байдлын товч бөгөөд тодорхой илэрхийлэл болов.

Өнгөрөгч Баасан гарагт ЗТХ-ийн сайд Л.Халтарын мэдээллийг сонсох үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Хүрээний бузрыг яривал гэдэг шиг Гашуунсухайтын бузрыг ярих гэвэл далай цаашаа юм болчихоод байна” гэсэн сануулгыг Л.Халтар сайдад хаяглаж байв.  Энэ бүхнээс тэнд нөхцөл байдал ямар хэмжээнд хүртлээ доош орсон нь  бэлэхнээ анзаарагдана.

Өчигдөр Гашуунсухайт, Ганц модны чиглэлд тээвэрлэлт хийдэг тээвэрчид зам хаах үеэр жолооч нарын төлөөлөл хэлэхдээ “Бид тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн” гэжээ.

Гашуунсухайтын богинын нүүрс тээврийг  өнгөрөгч наймдугаар сараас бөмбөлгөн тээврийн хэлбэрт  шилжүүлсэн. Уг нь халдвар хамгаалал талаасаа ач тустай байж мэдэх ч зөв зохион байгуулж чадаагүй, эцэстээ авлигын бэлээхэн шалтгаан нөхцөл болж хувирсан байдаг.  

Л.Халтар сайд "Бөмбөлөг гэдэг нь ганцхан жолооч нартай холбоотой асуудал биш. Халдвар хамгаалалт, тусгаарлалт, шинжилгээтэй холбоотой учраас боомтын зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг” гэдгийг хэлсэн.

Жолооч нар эсэргүүцлээ иэлрхийлэх үеэрээ  “боомтын зөвлөл увайгүй  авлига нэхдэг, ажлын байрны дарамтаа арилгая” гэж шаардаж байна гэдгээ илэрхийлсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр эдүгээ 20 000  юанийн ханштай болчихоод байгаа энэ бөмбөлөг тойрсон  авлигыг төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа албан хаагчид халаасалдаг гэх мэдээлэл бий.  Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй “Зарим жолооч нар 10 хоногт гурван удаа тээвэр хийчихсэн байхад зарим 3 сард ганц ч удаа гарч чадахгүй байна. Дарга нарын машин, аль эсвэл ахиухан мөнгө өгсөн компанийн машин л явж” байна гэдгийг хэлсэн.


 Шинжилгээний хариу нь Цагаанхаданд эерэг, хотод ирээд сөрөг гарсан 1000 орчим жолооч байна

Жолооч нар байр хоол гээд өдрийн 132 мянган төгрөгийн төлбөртэй байранд  тусгаарлагдсаар байгаад хэдэн сая төгрөгний өртэй болчихдог. Гэсэн хэрнээ ганц ч тээвэр хийж чадахгүй, цалин хөлс, сэтгэл санаа,  эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна. 

Энд бас нэг нухацтай хармаар асуудал байгааг тээвэрчин Э.Болдбаатар "Коронавирусийн тархалттай холбоотойгоор нүүрс тээврийн экспорт зогссон. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтод бөмбөлөг гэх тогтолцоо үүссэн. Энэ нь 30-40 тээвэрчинг 28 хоног тусгаарлан шинжилгээ аваад, тэдний дотроос нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд дахин 28 хоног тусгаарлах байдлаар 2-3 сар хоригдсон маш олон хүн байна. Мөн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж тусгаарлах байранд хорьж байгаа нь ердөө мөнгө угааж буй үйлдэл юм. Цагаанхаданд эерэг гараад, энд ирээд сөрөг гарсан 1000 орчим тээвэрчид байна" гэжээ.  Тэгэхээр тэнд шинжилгээний хариу эерэг сөрөг гарах нь бас л өнгө мөнгө, авлига, албан тушаалтай холбогдоод явчихаж байгаа юм.  

Тусгаарлах байранд 30 хүн орлоо гэхэд нэг банзан орон дээр гурван хүн дундаа нэг хөнжилтэй. Ядахад тус тусад нь хөнжил өгчихөөч гэвэл “Битгий давар” гэсэн хатуу хариулт л сонсоно.  Эх орны өмнө хил дээр нүүрсний тээвэр хийж улсдаа ногоон мөнгө оруулдаг жолооч нарын аж амьдрал тэнд нэг иймэрхүү байна.  

Гашуунсухайт  чиглэлийн замыг хааж эсэргүүцсэн жолооч нар ажлын байрны дарамтыг зогсоо гэх шаардлага тавьж буй.  Мөн хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг тодотгожээ. Тухайлбал, тэнд  жолооч нарын бүртгэл бүхий систем гэж бий. Энэ системээр жолооч нарыг аль нэг компаниас гарч өөр компанид жолоочоор ажиллах эрх боломжийг нь хаачихсан, өөрөөр хэлбэл сонгох эрхгүй болгочихсон гэнэ. Хэрэв жолооч арай ахиухан цалин хараад нэгээс нөгөө компанид ажиллая гэвэл боломжгүй. Хувь заяатайгаа эвлэрэх эсвэл огт ажилгүй хоцрох хоёр л замтай.  

Тээвэрчдийн тавьж буй бас нэг шаардлага нь оочер дарааллын системээ ил тод болгох тухай юм.  Өөрөөр хэлбэл мөнөөх бөмбөлөгүүдийн тээвэр хийх график хуваарь, дарааллыг ил тод мэдээлдэггүйгээс  авлига өгсөн, аль эсвэл дарга нарын машин дараалал дайрч дахин дахин  явдаг аж.

Өмнө хил дээр тээвэр хийж байгаа жолооч нарын байр байдал зах зухаасаа нэг иймэрхүү, мөнгөтэй, эрх мэдэлтэй, арга зальтэй хүмүүсийн аясаар бөмбөрч холбирсон байдалтай  байна. Тэнд төрийн зангараг гэж юм алга. Байгаа зарим нэг зохицуулалт нь авлигыг өдөөсөн шинжтэй.  

Дашрамд дуулгахад ирэх баасан гарагт Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй багийнхан Гашуунсухайт боомтод ажиллахаар болжээ. Уг нь аль зун Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллаад ирсний дараа Жавхлан сайдын баг тийшээ зорино гэсэн мэдээлэл байсан ч хойшилсоор одоо л явах гэж байгаа юм байна. Ерөнхий сайдын эхлүүлсэн сайн ажлын нэгээр Замын-Үүдийн авлигын үүрийг нураасан явдлыг нэрлэдэг. Гэхдээ Гашуунсухайтал байдал бүр ч дор байж мэдэх юм.

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.