Хагас жилийн өмнө Олимпын аварга Н.Түвшинбаяр дотны найз Улсын начин Э.Энхбатыг ухаангүй болтол зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн хугацаанд шалгасан байдаг. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 11.1.1 зааснаар буюу Бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар ял оноох саналтайгаар УЕПГ-т хэргийг шилжүүлээд байсан юм.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын начин Э.Энхбатын өмгөөлөгчийн хүсэлтээр уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг дахин шалгаж эхэлжээ.