ДЭМБ-ын ахлах судлаач Сумияа Сваминатан РИА Новости агентлагтай ярилцахдаа Sputnik V бол маш сайн вакцин гэжээ.
Энэ нь тус вакцины үр дүнтэй байдлын талаархи мэдээллээр нотлогдож байгааг шинжээч нэмж тодотгожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) төлөөлөгч мөн Оросын Sputnik V вакциныг удахгүй бүртгэж баталгаажуулна гэж найдаж байна гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр шаардлагатай хууль эрх зүйн баримт бичигт ойрын өдрүүдэд гарын үсэг зурсан тохиолдолд ДЭМБ оны эцэс гэхэд коронавирусын эсрэг Оросын Sputnik V вакциныг бүртгэнэ гэжээ. Энэхүү процедурыг дуусгахаас өмнө талууд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах ёстой. Үүнээс гадна ДЭМБ вакциныг үйлдвэрлэж буй нөхцөл байдалд шалгалт хийхээр болжээ.
ОХУ -ын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн (RDIF) мэдээлснээр, одоогоор Sputnik V вакцинаар хүн амаа дархлаажуулсан найман улсын хувьд маш сайн үр дүн үзүүлж байгаа. Тодруулбал, Бахрейн, Орос, Аргентин, Унгар, Мексик, Серби, Филиппин, Арабын Нэгдсэн Эмират улсад вакцины үр нөлөө 94.3-97.8 хувьтай байгааг тус сан тэмдэглэжээ. Нэмж дурдахад энэ вакцин нь ямар нэг ноцтой сөрөг урвал үзүүлээгүй байна.
Өнөөдрийг хүртэл Sputnik V нь нийт 3.7 тэрбум гаруй хүн ам бүхий 69 оронд бүртгэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн хүн амын тал хувь нь юм гэж RDIF тэмдэглэжээ.
Одоогоор Sputnik V вакциныг 14 орны 20 гаруй компанид үйлдвэрлэж байна.