Монголын сагсан бөмбөгийн холбоодын хоорондын маргаан, үл ойлголцлын улмаас манай тамирчдыг 5×5 төрлөөр тэмцээнд оролцох эрхийг FIBA тодорхойгүй хугацаагаар хасаад байсан билээ. Үүний улмаас манай тамирчид 2014 оны Инчоны Азийн наадмаас хойш 5×5 төрлөөр гадаадын тэмцээнд оролцолгүй өдий хүрээд байсан юм. Хэдхэн хоногийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэн “Дээд лиг” хийхээр болсон.
Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, FIBA Монголын сагсан бөмбөгчдийг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхийг зөвшөөрчээ.
Энэ тухай албан бичгийг FIBA-гаас МСБХ-ны Ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалд илгээсэн байна.
Албан бичигт FIBA Asia Cup 2017-2021 оны цикл дуусч, 2021-2025 онд Ази тивийн аваргын шинэ цикло эхэлж буйтай холбогдуулан Монголын шигшээ багийг FIBA Asia Pre Qualifier буюу Ази тивийн аваргын урьдчилсан оролцохыг албан ёсоор урьсан баярт мэдээ ирлээ.
Ази тивийн аваргын Урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээн 2022 оны зургаадугаар сараас эхэлж, 30 орны баг өрсөлдөнө. Улмаар шилдэг найман баг Азийн аваргын Урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авах юм (2021 онд болох байсан зарим тэмцээнүүд 2022 онд зохион байгуулагдах болж хойшилсон).
Ингэснээр Монголын шигшээ баг 2022 оноос FIBA-гийн тэмцээнүүдэд оролцох эрхтэй болж байна.