ТОЙМ:ҮХЦ-ийн шинэ гишүүнийг томилж, Ю.Цэдэнбал агсныг шүүхээс цагаатгав

2021-10-10
520

УЛСЫН ИХ ХУРАЛ

Хаалттай чуулганаар гадаад аюулгүйн асуудлыг хэлэлцжээ

Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр хуарлдааныхаа талаар:

–2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулганаар жагсаалтад орсон нийт 250 орчим хуулийн заримыг нь шинээр, нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирнэ. Үүн дотроос дараах дөрвөн чиглэлд онцгой анхаарч, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байна.

-Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрхзүйн орчин бүрдүүлэх буюу татвар болон хөрөнгө оруулалт, худалдаа аж үйлдвэрийн танхим, тусгай зөвшөөрлийн зэрэг хууль

Хоёрдугаарт 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүний дагуу хийгдэх эрхзүйн шинэчлэлийн хуулиуд

-Гуравдугаарт, 2022 оны төсвийн асуудал

-Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт тусгасан баялаг болон хуримтлалын сангийн тухай асуудал төрийн болон нийтийн өмчийн хууль, төрийн өмчит компанийн тухай хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна гэж МАН-ын бүлэг үзлээ гэв.

2021 оны намрын чуулган нээлтээ хийсэн 10 дугаар сарын 1-нд үдээс хойш хаалттай хуралдсан. Ингэхдээ Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын мэдээллийг оруулж ирсэн. Хаалттай чуулганаар тэрбум мод тарих асуудлаар бус, Монгол Улсын гадаад аюулгүй байдал болон төр засгаас  үүнд хэрхэн анхаарах талаар хэлэлцсэн аж.

 

Нийтийн байрны оршин суугчид газар эзэмшигч болно

Даваа гарагт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. ЭЭнэ хуулийн төслийг онцлох хэд хэдэн шалтгаан бий. Энэ тухайд хууль санаачлагч Б.Энхбаяр: ”Төрийн эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын захирал, эрхлэгч зориулалтыг дур мэдэн өөрчилж ирсэн. Энэ газрын асуудлыг дагасан авлига өнгөрсөн 20-30 жилийн туршид байсаар ирлээ. Одоо хуулиар зохицуулах цаг болсон. Хүүхдийн тоглоомын талбай бүр дээр орон сууц баригдаж байна. Мөн дуусаагүй барилга буюу карказ дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй барилгын компани баригдаагүй орон сууцыг барьцаалж, зээл авсан байна. Ийм луйврын орон сууцад захиалга өгсөн иргэн 20 мянга гаруй байна. Харин хохирлын мөнгөн дүн хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байбайгааг хууль санаачлагчид онцолсон.

Мөн  960 хүүхдийн сургууль барихад бараг хоёр тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх шаардлагатай болдог аж.

Энэ хуулийн төсөлд дурдагдснаар нийтийн орон сууцны оршин суугчид  байрныхаа болон харкяа хүүхдийн тоглоомын талбай зэрэг газрынхаа хувь эзэмшсэн эзэмшигч болох юм.

Хөрөнгө оруулагчдын “толгойг илсэн” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ намрын чуулганы анхны нэгдсэн хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжээд байна. Хуулийн санаачлагчид нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар.

Харин энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар зорьж байгааг нь харвал одоогийн хуулийг илүү хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын шалгуурыг хөнгөвчлөхөд чиглэжээ гэж харагдаж байгаа юм. Гол яригдаж буй өөрчлөлт үндсэн хоёр агуулга дээр төвлөрөх бололтой. Үүнд нэгд  “Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?”  хоёрт, “Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ?” гэсэн хоёр агуулга дээр л цаашдын хэлэлцүүлэг төвлөрөх нь тодорхой байна.

Хөрөнгө оруулалтын одоогийн хуульд “100 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч” хэмээн тодорхойлж байгаа. Үндсэн гол шалгуур нь энэ.  Харин одоо энэ босго хэмжээг бүр байхгүй болгож, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч байх” гэсэн шалгуур үйлчлэхээр төсөлд тусгажээ.  

Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ гэсэн асуудлын тухайд одоо хэрэгжиж буй хуульд “…холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно…” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг “…50 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно…” гэж өөрчлөхөөр яригдаж байгаа нь маргаан дэгдээж болзошгүй юм.

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ.

Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг УИХ хэлэлцлээ. Санал хураалтад 43 гишүүн оролцож, 34 гишүүн дэмжиж, 79.1 хувийн саналаар ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилохоор шийдвэрлэв.Тэрбээр эх оронч О.Дашбалбар агсаны хүү юм.

ҮХЦ-ийн гишүүн  Дашбалбарын Гангабаатар:

-1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. -1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр,

-2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

-2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг танилцуулгад дурдав.

Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ.

ЗАСГИЙН ГАЗАР

“Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт болов

Даваа гарат болсон энэхүү чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав.

Казино байгуулж, бооцоот морин уралдаан, эмийн ургамлын экспортоор эдийн засгаа эрчимжүүлнэ

Сангийн яамнаас  “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулж ойрын үед өргөн барихаар төлөвлөж байна.

Коронавирусийн улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах нь энэ хуулийн гол зорилго болж байна.

Энэ хуулийн төслийг онцлох шалтгаан гэвэл казино байгуулах,  хурдан морины бооцоот уралдаан, зарим төрлийн мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг эмийн зориулалтаар тариалах,экспортлох  гэхчлэн урьд өмнө Монгол Улсад байгаагүй үйл ажиллагааны харилцааг зохицуулах юм.

Мөн хуулийн төсөлд гадаадын анчдад олгох агнуурын тусгай зөвшөөрлийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгана. Идлэг шонхорын экспортыг мөн хэмжээгээр нэмэгдүүлнэ.  Хуулийн төсөлд дурдагдсан 35000-100000 ам долларын хураамжтай тусгай зөвшөөрлүүдийг  Засгийн газраас олгоно.

Энэ хууль онцгой эрхтэйгээр зохицуулагдах бөгөөд тухайлбал, тус хуулийн зохицуулалт нь бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийн заалтаар явна гэдгийг хуульчлахаар төлөвлөжээ.

Ц.Нямдорж сайжруулсан түлшний асуудлыг “зохицуулна”

Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болсон.

Тэрбээр "Сайжруулсан түлштэй холбоотой хэд хэдэн асуудал байна. "Тавантолгой түлш" компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, түлш борлуулалтын цэгийг яаралтай нэмэх, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай” гэв.

 

БШУЯ-ны төрийн нарийн бичгийг чөлөөлөв

Засгийн газрын Лхагва гарагийн /2021.10.06/-ийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөв. Тэрбээр 2020 оны наймдугаар сард тус яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм. Д.Батбаатар нь өмнө нь Монгол ардын намын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан билээ.

          Одоогоор түүний орны хүнийг томилоогүй бөгөөд цаашид хэд хэдэн яамдын төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

НАМ, БҮЛЭГЛЭЛ

Сөрөг хүчний сөрсөн акц “бай”-гаа оносонгүй   

Төв талбайд суулт хийж байсан иргэн Д.Монголхүүг тойрсон улс төрийн үйл явдлууд олны анхааралд өртөв. ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Д.Монголхүүг гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа. Аравдугаар сарын 5-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудсан ч ирээгүй. Өмнө  нь ч ирдэггүй байсан учраас баривчилсан. Гэтэл шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох  хорих 461 дүгээр анги  руу халдан Д.Монголхүүг авч явсан" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Д.Монголхүүг баривчилсантай холбоотойгоор  АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү тэргүтэй тус намынхан талбай дээр ирж, үргэлжлүүлээд УИХ-ын Д.Ганбат нарын гишүүд ХЭҮК-ынхтой уулзалт хийсэн юм. Тэд энэ үеэрээ “Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож болохгүй. ХЭҮК энэ талд мэдрэмжтэй ажиллаж олон улсын гэрээ конвенцийн дагуу шуурхай ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Харин ХЭҮК-ын гишүүд, жагсаал цуглааны тухай хууль нь 1994 онд батлагдсан. Түүнээс хойш шинэчлэл хийгдээгүй тул өнөөгийн нөхцөл байдалд тус хуулиар зохицуулах боломжгүй олон асуудал байна гэлээ.

 ТОВЧХОН

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцов.

Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.

Тус аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 мянган мод тарьсан нь 80 гаруй хувийн ургалттай байна.

Ю.Цэдэнбал агсныг шүүхээс цагаатгалаа

Ю.Цэдэнбал агсныг шүүхээс цагаатгажээ. Түүнээс өмнө түүний эхнэр А.И.Цэдэнбал-Филатоваг шүүх цагаатгасан юм. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгосон гэсэн үг.

Гэхдээ тэднийг шүүх биш нам нь хэлмэгдүүлсэн билээ. Ю.Цэдэнбалыг Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны 1990 оны VIII бүгд хурал түүнийг дарангуйлагч хэмээн цоллож намаас нь хөөж байв.

АНУ-ын Засгийн газраас 899730 тун Пфайзер вакцин хүлээлгэн өглөө

АНУ-ын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг 899730 тун Пфайзер вакцин хүлээлгэн өгөх арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа.

Тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899730 тун Пфайзер  вакциныг Олон улсын КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан, 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээн авлаа. Ингэснээр манай улс АНУ-аас  нийт 1.1 сая тун Пфайзер вакциныг хүлээн авч байгаа юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.