УИХ намрын чуулганы анхны нэгдсэн хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжээд байна. Бараг л хэн ч анзаараагүй шахам байхад гэнэхэн бөгөөд сэмхэн энэ хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжчихлээ. Хуулийн санаачлагчид нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар. УИХ-даа бол залуу үеийнхний төлөөлөл гэж харж болмоор 70-аад оныхон. МАН-ын залуу фракцын санаачилга явж байж мэдэх нюанстай байна гэдгийг хэвлэл мэдээллийнхэн тодотгосон байна билээ.
Харин энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар зорьж байгааг нь харвал одоогийн хуулийг илүү хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын шалгуурыг хөнгөвчлөхөд чиглэжээ гэж харагдаж байгаа юм. Гол яригдаж буй өөрчлөлт үндсэн хоёр агуулга дээр төвлөрөх бололтой. Үүнд нэгд “Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?” хоёрт, “Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ?” гэсэн хоёр агуулга дээр л цаашдын хэлэлцүүлэг төвлөрөх нь тодорхой байна.
Хөрөнгө оруулалтын одоогийн хуульд “100 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч” хэмээн тодорхойлж байгаа. Үндсэн гол шалгуур нь энэ. 100 мянган ам.доллар гэдэг нь 300 сая орчим төгрөг. Хөрөнгө оруулагч хэмээх том тодорхойлолтод бол бараг багадахаар босго хэмжээ.
Харин одоо энэ босго хэмжээг бүр байхгүй болгохоор төсөлд тусгажээ. Ердөө л “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч байх” гэсэн томъёоллоор хөрөнгө оруулагч хэмээн өргөмжлөгдөх боломжтой болж байна.
Хуулийн төслийг санаачлагчдын нэг Х.Булгантуяа гишүүний тайлбарласнаар ингэж өөрчилснөөр старт-ап компаниудаа гадаадын хөрөнгө оруулалт татах гэнэ.
Харин Г.Амартүвшин гишүүний хэлснээр ихэнх орнуудад ийм босго байдаггүй бөгөөд хөрөнгө оруулагчид буурсан нь энэ “100 мянган ам.доллар” гэдэг босгоос шалтгаалсан юм байх.
Өөрчлөлтийн хоёр дахь том агуулга болж байгаа “Гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ?” гэдэгт анхаарал хандуулахаас аргагүй болж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдад олгохоор төлөвлөж буй хамгийн таатай боломж нь Монгол Улсад оршин суух эрх авахыг амар хялбар болгох явдал. Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуульд “…холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно…” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг “…50 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно…” гэж өөрчлөх аж.
Өөрөөр хэлбэл Монголд хамгийн багадаа 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол тухайн этгээдэд гэр бүлийн хамт Монголд хувийн хэргээр орших суух зөвшөөрөл олгох зохицуулалттай болох юм байна. 50 мянган ам.доллар гэдэг 150 сая төгрөг.
Хэрэв энэ тоо хэмжээнээс харвал ганц гайгүйхэн шиг авто машин оруулж ирээд аль эсвэл нэг цайны газарт шөлний хоёр тогоо авчирч өгөөд л Монголд амар жимэр аж төрөх дархан эрхтэй болно. Эсвэл амьдрах орон байр худалдаж аваад түүнийгээ хөрөнгө оруулалт гэж харуулаад л Монголд сохор зоосны ч ашиггүйгээр амьдрах онцгой эрхийг үнэгүй авах болж байна. Хөдөөний нэг суманд өвлийн хагас хугас өвлийн хүлэмж барьчихаад тэндээ ганц ногоочин ажиллуулаад суухад хөрөнгө оруулагч “бурхан” хэмээх хүндлэлийн эзэн болно.
Бидний хаяа дэрлээд 1,4 тэрбум иргэнтэй “хүн далай” эргээ халин цалгиланхан байгаа. Тэд хөрөнгө оруулагч үндэстэн. Бас гадаадад байгаа хөрөнгө оруулалтаа цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах хууль эрх зүйн зохицуулалттай. Энэ бол зүгээр л нэмэлт дайвар сануулга.
Ер нь гадаадын хөрөнгө оруулалтад нэг улсын эзлэх хувь хэмжээг ч тодорхой болгох шаардлага бий.
Ийм нэгэн хуулийн төслийг Намрын чуулган анхны хуралдаанаараа дэмжсэн нь анхаарал татаж байна. Бас хар төрүүлж байна.
Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдын өмнө хошуу цорвойж, хормой дэвсдэг үү
Хөрөнгө оруулалт мэдээж хэрэгтэй. Улс бүр л үүнийг хүсдэг урьдаг байх. Гэхдээ тэд тодорхой шалгууртай, хаалга үүдээ хамаг байдгаараа нээгээд өгчихдөггүй. Ганц нэг жишээ татая.
-Монголд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч бүр хөхүүлэн дэмждэг. Харин дэлхийн цөөнгүй улс орон хувь хэмжээг нь хязгаарладаг туршлага бий. Тухайлбал, Ойрхи Дорнодын орнууд дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй.
-Оруулах хөрөнгийн хэмжээ Солонгост 50, Мексикт 49, Энэтхэгт 40 хувь хүртэл зөвшөөрсөн байдаг гэнэ.
-Ер нь гадаадын хөрөнгө оруулалтад энэ мэт хязгаарлалтууд байдаг аж.Тэдгээрийн нэг нь эдийн засгийн салбарын хязгаарлалт. Манайх энэ жишгээр 2012 оны сонгуулийн өмнө нэр бүхий гурван салбарт хязгаарлалт хувь хэмжээ тогтоосон ч хөрөнгө оруулагчдыг үргээлээ гэсэн гэм зэмтэйгээр эргэн хүчингүй болгосон.
-Дэлхийн зарим улс орон эдийн засгаа:
-Нэгдүгээрт, зөвхөн улс эсвэл дотоодын компани л хөрөнгө оруулах эрхтэй эдийн засгийн салбар,
-Хоёрдугаарт, тоотой хэдэн гадаадын хөрөнгө оруулагчид л хөрөнгө оруулах эрхтэй салбар,
-Гуравдугаарт,гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих салбар гэхчлэн ангилж зааглаж үздэг юм байна. Бидэнд одоогоор ингэж ялгаж салгаж тодорхой болгосон юм алга.
Дэлхийн ихэнх орон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг ч дотоодын зохицуулалт хяналтдаа чанд байлгадаг. Жишээ нь, Бразил гэхчлэн зарим улс хөрөнгө оруулагчдын орлогыг тодорхой хугацаанд гадагш нь гаргахыг хориглодог, Аргентин улс далайн эрэг орчмын газартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог гэхчлэн газар зүйн хязгаарлалт тавьдаг байх юм.
Ер нь хөгжиж буй орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалт зарим талаараа дотоодын үйлдвэрүүдийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлж чаддаггүй гэх судалгаа байна. Тухайлбал, дотоодын зах зээлийг нь булааж авдаг, борлуулалтыг нь багасгаж орлогыг нь бууруулдаг гэхчлэн сөрөг тал байдаг ажээ.
П.Булган