Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тархалтын гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна гэлээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн. Гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна" гэлээ.
Мөн тэрээр "Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа ба Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна" гэлээ.