Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан иргэн Д.Монголхүү болон С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нарыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Үүнийг тойрсон драмд идэвхийлэн оролцогч нь АН-ынхан байв.
Тус намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү гэхчлэн нөхдүүд талбай дээр очиж, үргэлжлүүлээд УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй гишүүд Хүний Эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзав. Энэ үеэрээ тэд “Ардчилсан Монгол улсад үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригдож болохгүй” гэсэн санааг илэрхийллээ.
Хэрэв үйл явдлыг бүр эхнээс нь үндэс, уг угшлаас нь хөөж харвал тэд үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэй үймээн, өдөөн турхирах тал нь илүү ажиглагдсан байх.
Нэгэн иргэний хэлсэнчлэн “DoubleStandart АН-ын захиалгат жагсаал болох нь батлагдчихлаа!! С.Эрдэнийн хамгаалагч Монголхүү, төрсөн хүү Э.Одбаяр нар арав гаран хоногийн турш өдөж хоргоосоор байгаад санасандаа хүрч, цагдаад баривчлагдаж жинхэнэ драмаа тоглож эхэллээ” гэсэнтэй санал нийлэх хүн олон байна.
АН бол сөрөг хүчин. Нэг нам дангаар эрх барьж байгаа ийм үед хүчтэй, ёс зүйтэй, үзүүлэх үлгэрлэлтэй сөрөг хүчин үнэхээр хэрэгтэй. Харамсалтай нь тэд ийм байж чадсангүй. Төөрч мунгинаад сөрөх юмаа ойлгож мэдрэхгүй, олж барьж авч чадахгүй байна. Эцэст нь энэ мэт гудамжны драмд туслах дүр бүтээж, засаглал хэрэгжүүлж явсан зангарагаа гээж, зам мөрөөсөө хазайж халтирав. Төр түшилцэж байгаа намаас төлөвшил олж харсангүй.
Жагсаал цуглаан хийх нь хууль журмаар зохицуулагддаг. Энэ хуулийг гар өргөж батлалцсан хүмүүс нь АН-ынхан өөрсдөө.
Д.Монголхүү тэргүүтний эхлүүлсэн жагсаал ном журмаараа байгаагүй, зөвшөөрөл аваагүй. Тийм болхоороо та бүхний батлалцсан тэр хуулийн дагуу л зохицуулагдаж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр иргэн Д.Монголхүүг гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа. Аравдугаар сарын 5-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудсан ч ирээгүй. Өмнө нь ч ирдэггүй байсан учраас баривчилсан. Гэтэл шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох хорих 461 дүгээр анги руу халдан Д.Монголхүүг авч явсан" гэх мэдээллийг өгсөн юм. Бүр хорих газраас нь хүртэл хүн хулгайлаад гардаг байх нь. Энэ чинь юу болоод байна л гэж бодогдож байна.
Сүүлийн үед гудамжны жагсагчаас эхлээд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигч гээд хүмүүс "цам харайж", үзэж харах юмаар уйдаахгүй янзтай. Тэр бүхнийг харж байхад "хошин шог"-ийнхон ч ёстой гурилддаг юм байна даа гэж бодогдмоор.
Тэдний нэг нь Үнэн ба зөв намын Отгонбаатар гэж нөхөр өчигдөр улс төрд Дүлзэнгийн дүрийг тун ч адилхан бүтээв. Тэрбээр лайвчин дагуулчихсан Хотын захиргааны байрны гадаа ирж хаалгыг нь ууртай гэгчээр нүдэж "наад хаалгаа онгойлго" хэмээн хамгаалагчийг зандарч байгаа нь яг Дүлзэн. Тэгээд оронгуутаа Сумъяабазартай уулзана оруулаатах, хаачсан юм, дуудаатах хэмээн хашгирч зандарч төрийн албан хаагчийн биед халдав.
Өчигдрийн үйл явдлыг иргэд дэмжихээсээ илүүтэй зэвүүцэж дургүйцсэн сэтгэгдлээ илэрхийлсэн байна билээ. Хууль ёсны шаардлага тавьсаны төлөө төрийн цагдааг новшоор нь дуудаж, харааж зүхэж байгаа нь арай л хэтэрхий. Залуу үеийнхний ёс зүйг булингартуулах таагүй үлгэрлэл. Ийм ёс зүйгүй байдлыг “даган баясаж” лайвдаж, бохир анархист хандлагаа нийгмийн сэтгэл зүй рүү “чихэж” улс төр хийхээ болимоор юм.
Төрийн цагдаа шаардлага тавих эрхтэй, бас үүрэгтэй. Ажил нь угаас тийм. АН-ынхан “Ёс ёмбогор, төр төмбөрөг”-ийг уг нь мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүмүүс. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү орж байгаа дэмжигчид, тэнд гаргаж байгаа ааш авир энэ тэр бол зөвтгөж зөөллөх юм даанч алга. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг байдаг сан. Ковидын нөхцөл байдал гээд цааргалах, цагдах олон шалтгаан бий. Байгууллагын дотоод дүрэм, орох гарах журам гэж байдгийг мэддэггүй, мэдсэн ч улан дороо гишгэдэг “хүмүүжилгүй” хүмүүсийн зураглал харагдана билээ.
...Төр засагт алдаа онооны аль аль нь бий. Үүнийг үгүйсгэхгүй. Муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг буруу бүхнийг төр рүү чихдэг гэм бүр өвчин болж даамжирч болзошгүй нь.
Хэн нэгний захиа даалгавраар засаг төрийг заавал муухай харагдуулах гэж бүр тэчьяадаж, хөрстөөс хөндийртлөө попорч амь амьдралаа залгуулдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Сав л хийвэл жагсаж, сэв л хийвэл лайвддаг ийм хүмүүсийг монголчууд хэдийнэ таньдаг, мэддэг болж дээ.
Өдөр ирэх бүр үнэн төрх нь тодорч, үг хэлэх бүрд нь үнэ цэнэ нь гээгдэж буй ийм хүмүүс өөрсдийгөө эх орончийн дүр бүтээж байна гэж хэдий болтол эндүүрч явахыг хэлж бас мэдэхгүй.
Ингэж хэлснээрээ шүүмжлэл, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үгүйсгэж буй хэрэг огтхон ч биш бөгөөд хамгийн гол нь ёс зүйтэй, шударга үнэн, бодит байдлын хэтрүүлэггүй соёлтой илэрхийллийг олон нийт хүсээд байгаа юм.
Х.Тулга