Туркийн өмнөд эрэг орчмын Мерсин хотын “Юмуктепе” толгодод явуулсан малтлагын үеэр одоогоос 4500 орчим жилийн өмнөх үед хамаарах олон тооны ваар, сав, эртний байгууламж олдсон талаар “Anadolu” агентлаг ням гарагт мэдээлжээ.
“Юмуктепе толгодын амьдрал, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн талаарх чухал олдворуудыг улирал бүр малтлага хийх явцад олж авдаг” гэж Италийн Лечче их сургуулийн Археологийн ухааны профессор Изабелла Канева онцолжээ.
“Юмуктепе” толгод нь МЭӨ 7000 жилийн түүхтэй Анатолийн хамгийн эртний суурин газруудын нэг юм.
“Хотын төвөөс баруун зүгт дөрвөн километр зайд орших энэ толгод нь соёл иргэншил, амьдралын хэв маягийн талаар маш үнэ цэнтэй, чухал мэдээллийг өгсөн” гэж И.Канева сэтгүүлчдэд мэдээлжээ.
"Байгууламж дотор олон тооны вааран сав байсан. Эдгээр нь нэг төрлийн бүтээгдэхүүнийх бөгөөд бүгд адилхан байна. Ойролцоогоор 700 орчим аяга олдсон. Энэ бол гэр бүл эсвэл зоогийн газарт зориулсан том байгууламж юм. Бидний таамагласнаар уг газарт олон нийтийн болон ёслолын зоог барьдаг эсвэл хоол хүнсний бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээдэг газар байсан гэж бодож байна" хэмээн тэрбээр нэмж дурджээ.
Археологийн ухааны профессор Изабелла Каневагаар ахлуулсан 25 хүний баг энэхүү эрдэм шинжилгээний малтлагын үеэр хүрэл зэвсгийн үед хамаарах 4500 жилийн настай вааран савыг олжээ.
“Юмуктепе” толгодоос өмнө нь Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах эртний тамга олдсон бөгөөд олон соёл иргэншлийн өлгий нутаг юм.
Эх сурвалж: Montsame.mn