БНАСАУ 10-р сарын 4-ний Даваа гарагт Өмнөд Солонгостой харилцах холбооны бүх шугамаа сэргээсэн талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
9-р сарын 30-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгостой харилцах сувгаа сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, энэхүү шийдвэр нь хоёр улсын өнөөгийн харилцааг сайжруулах, Солонгосын хойгт энх тайван тогтоох зорилготой гэж онцолж байв.
Талууд өнгөрсөн хоёр сарын хугацаанд анх удаа цэргийн шугмаар болон Солонгос хоорондын оффисоор дамжуулан яриа хэлэлцээр өрнүүлсэн болохыг мөн дурджээ. Нэмж дурдахад тус агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын засгийн газар харилцаа холбооны шугамыг сэргээсэний дараа хоёр улсын хэлэлцээр удахгүй эхэлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эргэн сануулахад 2020 оны зун Хойд Солонгос Өмнөдтэй харилцах бүх шугамыг хааж байв. Үүний дараа Өмнөд Солонгосын Пхеньяны эсрэг тэмцэгчид суртал ухуулгын хуудас, материалуудыг Умардын нутаг дэвсгэрт илгээсэнтэй холбоотойгоор хоёр орны харилцаа улам дордоод байсан юм.
2020 оны 6-р сарын 16-нд Хойд Солонгос Кэсон аж үйлдвэрийн цогцолборын зохицуулах товчоог дэлбэлснээс хойш харилцаа хурцадмал хэвээр байна.
Ялангуяа Солонгосын хойгийн байдал сүүлийн хоёр долоо хоногт хурцадсан бөгөөд БНАСАУ 9-р сарын 13-нд алсын тусгалтай шинэ пуужин амжилттай туршсаны дараа харилцаа бүр ч таагүй болоод байсан юм. Пхеньян үүнээс өмнө хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард мөн ийм туршилт хийж байв. Үүнээс гадна Хойд Солонгос цөмийн бөмбөг бүтээх зориулалттай уран баяжуулах үйлдвэрээ өргөтгөхөөр ажиллаж байгаа нь 9-р сарын 19-нд тодорхой болсон юм.
"Пхеньянтай харилцаа холбооны шугамыг сэргээсэн нь Солонгосын хойгийн цэргийн хурцадмал байдлыг бууруулна гэж Өмнөд Солонгосын арми найдаж байна" гэж БНСУ -ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд үндэслэн РИА Новости мэдээлжээ
Эх сурвалж: Лента ру