АНУ-ын Нью-Йорк хотын сургуулийн багш нар коронавирусний эсрэг вакцины дор хаяж эхний тунг ирэх долоо хоногт танхимаар хичээллэхээс өмнө хийлгэсэн байх ёстой гэсэн тус хотын захирамжийг хүчингүй болгох ёстой хэмээн үзэж, пүрэв гарагт тус улсын Дээд шүүхэд ханджээ.
Хэрэв хотын захиргааны шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээвэл захирамжийн хүрээнд улсын сургуулийн олон мянган багш ажилтнууд ажлаасаа халагдах болно гэж тус бүс нутгийн шүүгч Соня Сотомайор руу илгээсэн давж заалдах гомдолд дурдсан байна.
Хотын захирамж нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг зөрчиж байна гэж тэдний өмгөөлөгчид үзэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Дээд шүүхэд ханджээ. Захирамжийн хүрээнд улсын сургуулийн багш нар “COVID-19”-ийн вакцин хийлгээгүй тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болох юм.
Энэхүү захирамж нь тус хотын гал сөнөөгчид, цагдаагийн албан хаагчид зэрэг олон нийттэй байнга харьцдаг бусад ажилтнуудад хамаарахгүй байгаа нь шударга бус гэж багш нар үзэж байна.
Багш нарын хэлж буйгаар, тус хотын бусад ажилтнууд вакцин хийлгээгүй нөхцөлд долоо хоног бүр коронавирусний шинжилгээнд хамрагдсанаар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй ажээ.
Үүний зэрэгцээ Нью-Йорк хотын багш нарын дийлэнх нь вакцины эхний тунг хийлгэсэн гэж хотын удирдлагууд болон Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдсэн хэдий ч энэхүү шийдвэр нь багш нарын орон тоог цомхотгож магадгүй гэж тус хотын Багш нарын нэгдсэн холбооноос анхааруулжээ.
Эх сурвалж: Montsame.mn