Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн холбоо /МШМХ/ нь Монгол Улсад шүдний тусламжийг зүй зохистой бодлого чиглэлтэй хөгжүүлэх, шүдний эмч мэргэжилтнүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Энэхүү зорилгынхоо хүрээнд салбарын нийт ажилтан, ажиллагсдын ажил мэргэжлийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаг үеийн шаардлагын дагуу хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг салбартаа нэвтрүүлэхээр ажиллаж иржээ. Тухайлбал 2019 оноос эмч, сувилагчийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг гарган судалж ажилласны үр дүнд өнөөдөр /2021.09.30/ “Амар” даатгалын компанитай хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
“Амар” даатгалын компани нь 2003 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2008 оноос хариуцлагын даатгалын үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн анхны даатгалын компаниудын нэг юм. МШМХ нь “Амар” даатгалын компанитай хамтран эрүүл мэндийн салбарт анх удаа хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд зогсохгүй гишүүн эмнэлгүүдэд сургалт, мэдээлэл явуулж цаашлаад эмч, эмнэлгийн ажилчдад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ашиг тус, хүртээмжийг түгээн таниулах ажлыг хийх юм.
Мөн холбооны гишүүдийн эрх ашгийг хамгаалах, ямарваа нэг ажил мэргэжлээс шалтгаалах хариуцлагын алдаа, дутагдлыг даатгалын бүтээгдэхүүнээр шуурхай шийдвэрлэж шүдний эмнэлэг, үйлчлүүлэгч нарын хоорондын харилцааг зохицуулах нь хууль эрх зүйн зөв шийдэл гэж үзэж байна.
Амар даатгалыг сонгох болсон шалтгаан:
- Хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг цөөхөн даатгалын компаниудын нэг
- Мэргэжлийн баг ажилладаг туршлагатай - Санал санаачилга гаргахад түлхүү анхаарсан
- 2008 оноос ажил мэргэжилтэй холбоотой хариуцлагын даатгалыг нэвтрүүлсэн ууган даатгалын компани
- Эмч, сувилагч нарыг хамтад нь даатгаж буйгаараа онцлог
- Цаашид бусад эмнэлгийн салбарын ажилчдыг хамруулах бүрэн боломжтой