Саяхан болж өнгөрсөн Төрийн Думийн сонгуулиар олонхийн санал авч сонгогдоод байгаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сергей Лавров нарт парламентын бүрэн эрх олгох эсэхийг есдүгээр сарын 27-нд Ерөнхийлөгч В.Путин шийдэх юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуулиар Нэгдсэн Орос намаас сонгогчдын үнэмлэхүй олонхийн санал авч тэргүүлсэн БХ-ын сайд Сергей Шойгу, ГХ-ны сайд Сергей Лавров болон Коммунарка тосгоны эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко, "Авьяас амжилт" сангийн тэргүүн Елена Шмелева, омбудсмен Анна Кузнецова нартай есдүгээр сарын 27-нд уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Харин энэ үеэрээ Шойгу, Лавров нарын депутатын бүрэн эрхийн мандатаа авах эсэх асуудлыг эцэслэн шийдэх аж. Энэ тухай Кремль дэх эх сурвалжаас иш татан РБК мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ "Уулзалтыг үнэхээр төлөвлөсөн байгаа" гэдгийг нотолжээ.
Одоогийн байдлаар Төрийн Думын шинэ бүтэц болон тэргүүлэх албан тушаалуудыг хуваарилах асуудлаар Кремльд идэвхтэй зөвлөлдөж байна. Төрийн Думын даргаар одоогийн спикер Вячеслав Володин хэвээр үлдэнэ гэсэн мэдээлэл түлхүү явж байна.
Өмнө нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Төрийн Думын шинэ удирдлагыг томилох асуудал одоогоор эрт байна гэж байв.
Сануулахад ОХУ-ын Төрийн Думын сонгууль есдүгээр сарын 17-19-ний хооронд гурван өдөр үргэлжилсэн. Санал хураалтыг бүрэн тоолж баталгаажуулсны дараа Нэгдсэн Орос нам 49.82 хувийн саналаар ялалт байгуулаад байгаа юм.