Хятадын сансрын жолоодлогот "Шэньжоу-12" сансрын жолоодлогот хөлгийн буугч ӨМӨЗО-ны “Дунфан” газардах талбайд энэ сарын 17-нд орон нутгийн цагаар 13 цаг 34 минутад амжилттай газарджээ. Ингэснээр тойрог замын станцаас сансрын гурван нисэгч эх дэлхийдээ буцаж ирж байгаа юм.
Хятадын төв телевизээр мэдээлснээр, 13 цаг 40 минутад эрэн хайх, аврах албаны мэргэжилтнүүд газардах талбайд иржээ. 13 цаг 43 минутад буугч капсулыг нээсэн байна.
"Шэньжоу-12" хөлөг дэлхий рүү буцахаар пүрэв гарагт Бээжингийн цагаар 08 цаг 56 минутад тойрог станцын үндсэн модулиас салсан юм.
Сануулахад тус хөлгийг өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд хөөргөсөн билээ. Хөлгийн багийн гишүүд болох Не Хайшэн, Лю Бомин, Тан Хунбо нар тойрог замд байгуулж буй станцдаа гурван сар ажиллажээ.
Тойрог замд байх хугацаандаа сансрын нисэгчид хоёр удаа задгай сансарт гарч ажилласан байна.