Лхагва гарагийн өглөөний шинэхэн мэдээг ажлаас халагдсан, АТГ-т шалгаж байгаа төрийн хоёр албан хаагчийн тухай мэдээлэл өнгөлөв. Тодруулбал, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг ажлаас нь чөлөөлсөн бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ц.Болормааг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Наймдугаар сараас эхлээд намаржингаа л төрийн хурган дарга нарын баривчилгаа, нэгжлэгийн тухай цайны хачир болж яригдаж байгаа болхоор гайхаад байх зүйлгүй мэт.
Төрийн албаны зөвлөл хэмээх том аппарат бий. Тэдний маань сонгож шалгаруулсан дарга нарын ёс зүй нэг иймэрхүү, буцахдаа будаа тээдэг зураглалтай. Тэр л жишиг.
Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн Ц.Ганхүүг хэвлэлийнхэн М.Энхболдын хүн гэж тодотгосон бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ц.Болормааг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хамаатуулжээ. Ер нь иймэрхүү цаад “эзний” нэр томилгоо бүрийн араас дагалддаг болхоор гайхах хэрэггүй мэт.
Гэхдээ эндээс эргэлзээ төрүүлэх нэг асуулт гардаг. Тэр томилгоог хэн хийгээд байна вэ. Төрийн албаны зөвлөл үү, эсвэл тэр цаад эрх мэдэлтэй “эзэд”ийн ивээлээр үү. Ийм л эргэлзээ байгаа юм.
Бас нэг гайхшрал бий. Төрийн алба маань төрлийн алба болтлоо “төөрөлдчихсөн” байгаа. Улс төрд ургийн мод тун сайхан сагсайтал ургаж байна. Ялангуяа МАН-ын эрх барьж байгаа энэ цаг дор.
Дарга нарын хүүхдүүд дарга сайд болоод л. Тэд л төрийн албаны босгыг торох юмгүй давдаг. Үнэхээр ардын хүүхдүүдийг ардаа орхисон мэдлэг туршлагатай, мерит болон чадахуйн зарчмаа чардайтал хангачихаад Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаас магнайдаа тоосгүй манлайлж томилогдоод байна уу. Аль эсвэл дарга нарын захиа даалгавараар уу...
Ерөнхий зургаараа бол сонгуулийн дараагаас яамдын Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд албан тушаалтнуудын нэр яригдаад эхэлдэг. Тэгээд дараа нь тэр хүмүүс ТАЗ-ийн сонгон шалгаруулалтаас ёс юм шиг гараад ирдэг гайхалтай жишиг бий. Зүгээр л жүжиг.
Амьтан хүний ярилцахыг сонсвол ардын хүүхэд тэр төрийн албаны ерөнхий шалгалтыг нь хичнээн мундаг өглөө ч арын хаалга, танил талгүй бол сайндаа л төрийн албаны нөөц ажилтанд бүртгэгдээд тэгээд оочер ээлжээ хүлээсээр он цагийн явцад мартагддаг гэлцэх.
Сануулахад, Монголын хурган дарга нар бүгд “тэрний хүн, энэний хүн” гэсэн харъялалтай. Их хурлын дарга нь ч үүнийг баталж нотлоод яриад байгаа харагдана лээ.
Тэгэхээр Төрийн албаны зөвлөл хэмээх том нэртэй байгууллага нэг иймэрхүү жишгээр ажиллаж, дарга нарын хүүхдүүдийг төрд хөтөлж оруулах дамжлага төдий болсон юм шиг байна. Товчхондоо “шүдгүй арслан” гэдэг нь үнэн юм байна. Энэ янзаараа бол хойшид ч шүд ургахгүй байх. УИХ-ын гишүүд нь өөрсдөө ТАЗ-ийг утсан хүүхэлдэйтэй зүйрлээд байдгийн учир шалтгаан энэ биз.
Иймэрхүү жишгээр ажиллах нь өндөр мэдлэг чадвартай олон мянган жирийн залуучуудын төрд ажиллах боломжийг хулгайлж буй хэрэг. Шударга ёс тогтсон улс оронд үүнийг эх орныхоо хөгжлийн боломжоос хойш татаж буй гэмт хэрэг гэх байх.
Өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын Байнгын хороогоор Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны тайланг хэлэлцсэн. Тэр үеэр тус зөвлөлийн дарга Б.Баатарцогт “Чадахуйн зарчмыг хангасан шударга сонгон шалгаруулалтад тулгуурласан шинэтгэл”-ийн тухай ярьж байна билээ. Хийдэг биш хэлдэг дарга нарын иймэрхүү үгэнд итгэхэд бэрх, итгэхгүй байх бас хэцүү.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар саяхны нэг ярилцлагадаа “Үндсэндээ жил зургаан сарын хугацаанд Төрийн албаны зөвлөлд хийх ажил бараг байсангүй. Ихэнх чиг үүрэг нь ач холбогдолгүй болсон. Ингэж удаан явснаар Төрийн албаны зөвлөлийг татан буулгаад Засгийн газрын байгууллага болгох юм руу явж байна” гэжээ.
Төрийн албаны зөвлөл гэсэн том нэрэндээ эзэн болж чадахгүй, төрийн албаны хөдөлгөгч хүч болсон хүний нөөцийг дарга нарын хамаарлаас салгаж чадахгүй бол энэ байгууллагын орших эс оршихуйг хөндөх нь шударга ёсонд нийцэх биз ээ.
Г.Хан