АНУ-д амьдардаг хятадын тэрс үзэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Вэй Жиншен Хятад улс анхны дэгдэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс нэг сарын өмнө буюу 2019 оны 11-р сард COVID -19-ийн тархалтын талаар АНУ-ын тагнуулын байгууллагад мэдээлж байсан гэжээ. Энэ тухай "Ухань хотод яг юу болсон бэ" номоос иш татан New York Post (NYP) дурджээ.
Жиншен 2019 оны 10-р сард Ухань хотод болсон Олон улсын армийн наадмын үеэр Бээжингийн нэр хүндтэй хүмүүсээс нууцлаг шинэ вирусын талаар анх сонссон гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухай тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүнтэй холбоотой ажилладаг Америкийн улс төрчдөд яаралтай мэдэгдсэн байна. Түүнчлэн бас Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Димон Лю, түүний нөхөр Тагнуулын төв газрын ажилтан асан Роберт Суеттингер нарт ч хэлж байжээ.
“Тэд энэ асуудалд над шиг санаа зовохгүй байгааг би ойлгосон болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хичээсэн. Гэхдээ тэд аль ч улсын эрх баригчид ийм халдварын дэгдэлтийг нууж чадна гэдэгт итгээгүй байх" гэж хүний эрхийн хамгаалагч тайлбарласан байна.
Харин Димон Лю Жиншений ярианы тэмдэглэлийг Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мэтт Поттингерт дамжуулахаар төлөвлөж байсан гэжээ. "Гэхдээ энэ нь нэг л итгэл үнэмшилгүй санагдсан тул би түүнд илгээгээгүй" гэж Лю тайлбарлажээ. Тэрээр тухайн үед коронавирусыг SARS -ээс илүү аюултай гэж үзээгүй гэдгээ мөн хэлсэн байна.
БНХАУ-ын Ухань хотод COVID-19-ийн дэгдэлтийг судалж байсан АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Дэвид Ашер хэлэхдээ, 2019 оны сүүлчээр АНУ-ын засгийн газар уг өвчний талаар өөр чухал мэдээлэлтэй байсан ч тэд "бүх баримтыг харьцуулан нягталж чадаагүй" гэжээ.
Шинэ коронавирусын улмаас үүссэн COVID-19 уушгины хатгалгааны дэгдэлтийг анх 2019 оны 12-р сард Ухань хотод бүртгэсэн. Эхэндээ шинэ халдварын эх үүсвэр нь далайн гаралтай хоол хүнснээс үүдэлтэй хэмээн үздэг байв. Гэхдээ ДЭМБ энэ зах нь үнэхээр коронавирусын эх үүсвэр мөн гэсэн баталгаажсан мэдээлэл байхгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхий даяар 225 сая гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ уг өвчний учир шалтгаанаар 4.6 сая хүн нас баржээ.
Эх сурвалж: Lennta.ru