Хэний ч мөрөөдлийг хөтөлж чадах “Шийдэл үргэлж байдаг”

3159

Амьдрал, ажил хэрэг ямар санаснаар биш. Бидний энэ хорвоо бэрхшээлээр дүүрэн. Ухарч няцах юм, зорьж зүтгэснээсээ буцах зам заримдаа урьдах замаас ч илүү тод харагддаг. Том мөрөөдөлтэй ч шийдэмгий бус байдлаасаа болж шийдлээ олж чадааагүй “Тэг” зогсолт хийсэн хүн алийг тэр гэхэв.

Гэвч амьдралд “Шийдэл үргэлж байдаг”-ийг танд сануулах нэгэн ном удахгүй хэвлэлтээс гарна .  Энд багтсан бүх агуулга, үг өгүүлбэр бүхэн уншигчдад зүтгэх хүч болж үлдэнэ гэсэн итгэлтэйгээр түүний номыг хүлээж байна. Энэ ном “20 хүүхэдтэй ангиас 200 ажилтантай компани босгосон түүх”-ийг өгүүлэх ажээ.

Номын зохиогч “Том амжилт” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Шижир гэдэг залуу. Математикийн багш жирийн нэгэн залуугийн  амжилтад хүрсэн замналыг энэ номын цонхоор харж, түүний бүдэрч зүдэрч, бүтээж босгож өдий хүрсэн амжилтын замналыг хамтдаа эргэн тольдох нь бас л нэг таатай боломж. Тэр аяараа амжилт,  алдаа оноо, сургамжийн амьд түүх. Урам, урагшлах уриа дуудлага шиг санагдах байх.

Ийм л үнэн түүхээс эргэж хургаад байсан итгэл, эрч хүчээр өөрийгөө хөглөж чадна. Бусдын чадсаныг би яагаад чадахгүй гэж... гэсэн өөрийн үнэлэмжээ сэргээж, үргэлж дэргэд чинь байдаг тэр шийдлийг олж харах мэлмий тань хурцлагдана.

Ж.Шижирийн амжилт бол зорьж зүтгэсэндээ үнэнч байсны хариу шан юм. Ийм хүмүүс амьдралаас хүртэх ёстойгоо хүртэж, олох учиртайгаа олдог.

Бидэнд нэг гэм байдаг юм байна. Бизнесээ эхлүүлэх гэж  ухаан санаандаа баахан нөхцөл болзол бий болгодог. Тохилог оффис, өндөр чадалтай компьютер, хөрөнгө санхүү гэхчлэн уртын урт жагсаалт үүсгээд түүндээ тээртэж бүдэрдэг. Харин Шижир гар хоосон, гарааны хөрөнгө оруулалт гэх юмгүйгээр шахам зүгээр л том мөрөөдөл, шийдэл, зүрх зоригоороо эхэлсэн байдаг.  Тэр чадсан. Тэр нь өнөөгийн “Том амжилт” гэх 200 орчим ажилчидтай,арван охин компанитай,арван жилийн сургууль, дээд сургууль, IT-гийн компани,анимейшний компани, амралт жуулчлалын кэмп, хэвлэл мэдээллийн компани зэрэг компанитай том групп. Таван газар таван том объекттэй,  ер нь юу дутуу гэхэв.

Тэрбээр “Шийдэл үргэлж байдаг” номынхоо тухайд “мөрөөдөл зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө тасралтгүй шаргуу ажиллаж,чамгүй амжилттай ажиллаж байгаа бүхий л түүхээ хуваалцахаар шийдэж энэхүү номыг эмхэтгэн гаргалаа”  гэжээ. Олсноо олонтойгоо хуваалцаж, бас тэднийг ажил хэргийн ертөнцөд уриалан дуудах нь  зохиогчийн зорилго.

Ийм амжилтын түүхийн тухай орчуулгын ном олон бий. Бүгд л сургамжтай, санаа авах зүйлтэй байх.

Гэхдээ “Шийдэл үргэлж байдаг” ном бидний дундах амьдрал, тэр бидний л нэг. Бидний амьдралын хөрсөн дээрхи үнэн түүх, алдаа оноо, сургамж амжилтад хүрсэн арга замын тухай хүүрнэх учраас бодитой, “давс хужиргүй”  уран сайхны халил, хэтрүүлэггүй бодь өгүүлэмж, бодит үнэн юм.   Үүгээрээ үнэ цэнтэй,  хэний ч мөрөөдлийг хөгөлж хөтөлж чадах  бидэнд ойрхон ном болох биз ээ.

 








©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.