Өнгөрсөн сарын сүүлчээр Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт АТГ-аас нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хураан авсан гэх мэдээлэл гарч байв. Эх сурвалжуудын дурдснаар нийтдээ 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хураан авсан гэж байв. Түүнийг албан тушаалаа ашиглаж Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж буй юм.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албан тушаалаас Ц.Ганхүүг чөлөөлсөн байна. Ц.Ганхүүгийн оронд газар олголтын ажлыг цахимжуулж ил, тод болгох шуурхай ажиллах боловсон хүчнийг томилох үүргийг өгчээ.
Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашиж байгаа юм.