Дэлхийн улс орнуудад хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулж байна вэ?

2021-9-14
682

Их Британид эрүүл мэндийн салбарын ахмад зөвлөхүүдийн зөвлөсний дагуу 12-15 насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд ойрын хугацаанд хамруулж эхлэхээр болоод байна.

Их Британийн Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөхүүдийн хувьд өсвөр насны хүүхдүүдэд “Pfizer”-ийн вакцины нэг тунг санал болгох хэрэгтэй хэмээн үзжээ.

Дэлхийн бусад улс орнуудад өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг хэдийнээ эхлүүлсэн ч өөр өөр арга барилыг баримталж байна.

Европт вакцинжуулалтыг хэрхэн явуулж байна вэ?

Европын эмийн агентлаг /EMA/ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг тавдугаар сард зөвшөөрсөн. Түүнээс хойш Европын Холбооны /ЕХ/ орнуудад вакцинжуулалт өөр өөр хурдтайгаар явагдаж байна. Тухайлбал, Дани /12-15 нас/, Испанийн /12-19 нас/ хувьд хүүхдүүдийнхээ дийлэнх хувийг дор хаяж нэг тун вакцинаар дархлаажуулаад байна.

Францад ч мөн 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэг тунд, 52 хувь нь бүрэн тунд хамрагджээ. Тийнхүү 10 дугаар сар гэхэд эрүүл мэндийн паспортыг 18-аас доош насныхан дунд нэвтрүүлнэ. Ингэснээр өсвөр насны бүх хүүхэд кинотеатр, музей, зоогийн газар, худалдааны төвүүд рүү орохдоо вакцин хийлгэсэн юм уу шинжилгээний хариугаа сөрөг гарсныг нотлох баталгаагаа үзүүлэх шаардлагатай байна.

Зургаадугаар сард Германы эрүүл мэндийн салбарын зөвлөхүүд “COVID-19”-ийн вакциныг зөвхөн эрүүл мэндийн шалтгаан бүхий 12-15 насны хүүхдүүдэд санал болгохыг зөвлөсөн. Гэвч наймдугаар сараас “Дельта” хувилбар өргөн хүрээг хамран тархаж эхэлсэнтэй холбоотойгоор 12-оос дээш насны бүх хүн вакцинд хамрагдах боломжтой болжээ.

Харин Шведэд уушгины өвчтэй, багтраатай зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. ЕХ-ны гишүүн бус Норвегийн хувьд 12-15 насны хүүхдүүдэд вакцин тарих шийдвэрийг саяхан гаргасан боловч зөвхөн нэг тунг хийх бөгөөд хоёр дахь тунтай холбоотой шийдвэрийг хожим гаргах ажээ.

АНУ ба вакцинд заавал хамрагдах шийдвэр

Тавдугаар сард АНУКанадын холбогдох байгууллагууд “Pfizer”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг дэлхийн улс орнуудаас анхлан олгосон. Тийнхүү АНУ-д өсвөр наснынхныг вакцины хоёр тунд гурван долоо хоногийн зайтай хамруулж эхэлсэн юм.

Долоодугаар сарын эцэс гэхэд 12-17 насны хүүхдүүдийн 42 хувь нь “Pfizer” юм уу “Moderna”-гийн вакцины эхний тунд, 32 хувь нь хоёр тунд хамрагдсан байв. АНУ-д хүүхдүүдийг вакцинжуулах ажил “Дельта” хувилбарын тархалтаас үүдэн халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж эхэлсэн үетэй давхацсан юм.

Америкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ сүүлийн тайланд мэдээлснээр, хүүхдүүд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол вакцинжуулалтын үзүүлэлт сул байгаа муж улсуудад өндөр муж улсуудынхаас 3.4-3.7 дахин өндөр байна.

Үүнтэй  холбоотойгоор АНУ-ын олон сургуулийн зөвлөл зарим эцэг эхийн эсэргүүцлийг үл харгалзан 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд заавал хамруулах талаар санал хураажээ. Тийнхүү Лос-Анжелес хотод саяхнаас вакцинд заавал хамрагдах шийдвэрт 600 мянган сурагчийг хамруулан өргөжүүлсэн бол Нью-Йоркт сурагчид бус сургуулийн ажилтнуудыг вакцинд заавал хамруулах шийдвэр гаргаад байна.

Мөн “Pfizer” компани “COVID-19”-ийн вакциндаа бага насны хүүхдүүдийг хамруулах туршилтыг хэдийнээ эхлүүлээд байгаа юм. Ийнхүү 5-11 насны хүүхдүүдийг хамруулсан туршилтын эхний үр дүн есдүгээр сард, зургаан сартайгаас дөрвөн настай хүүхдүүдийнх энэ оны эцсээр гарах төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн байгууллагууд эмнэлзүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа бага насны хүүхдүүдийг вакцинд “удахгүй” хамруулж эхэлж магадгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.

БНХАУ-д гурваас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна

Зургаадугаар сараас БНХАУ-д 3-17 насны хүүхдүүдэд “Sinovac” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрч эхэлснээр ийм бага насны хүүхдүүдэд вакцин хийхийг зөвшөөрсөн анхны улс болсон юм.

Тус улс нь энэ оны эцэс гэхэд 1.4 сая хүн амынхаа 80 хувийг вакцинжуулах зорилт тавиад байгаа бөгөөд 18-аас доош насныхныг вакцинжуулахгүйгээр энэхүү зорилтод хүрэх боломжгүй байна.

Хэдийгээр БНХАУ-д “COVID-19”-ийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа боловч зарим орон нутгийн засгийн газар гэр бүлийнхэн нь вакцины хоёр тунд хамрагдаагүй сурагчдыг сургуульд явахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

“Sinovac”-ийн вакциныг мөн Ази, Африк, Өмнөд Америкийн олон оронд түгээмэл хэрэглэж буй юм.

Тухайлбал, “Sinovac” зургаан сартайгаас 17 настай хүүхдүүдийг вакциндаа хамруулах эмнэлзүйн туршилтыг Өмнөд Америкт саяхнаас эхлүүлээд байгаа ч Чилид уг вакциныг зургаагаас дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг хэдийнээ зөвшөөрсөн байна.

Энэтхэгт эхлээд насанд хүрэгчдийг вакцинжуулна

Энэтхэгийг өсвөр насны хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг гэж үздэг бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн /UNICEF/ тооцоогоор тус улсад ийм насны 253 сая орчим хүүхэд амьдардаг. Үндэсний ийлдэс судлалын газрын /NSS/ хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш хүүхдүүдийн 60 орчим хувь нь коронавирусээр халдварлажээ. Иймээс тэдэнд дархлаа тогтсон байх магадлалтай байна.

Наймдугаар сард Энэтхэгийн эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар дотоодын “Zydus Cadila” эмийн компанид гарган авсан шинэ вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн нь өсвөр насны хүүхдүүдийг хамарсан анхны зөвшөөрөл болжээ.

Энэхүү вакцины хувьд уламжлалт тариур бус зүүгүй тариур ашиглан гурван тусдаа тунг хийлгэх шаардлагатай байна. Мөн “Zydus Cadila” хоёр болон түүнээс дээш насны хүүхдүүдийг хамруулсан туршилтаа удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөхүүдийн мэдээлснээр, эрүүл мэндийн шалтгаан бүхий 12-17 насны хүүхдүүдийг 10 дугаар сараас вакцинжуулж эхэлж магадгүй байгаа ч өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтын хувьд насанд хүрэгчдийн хөтөлбөрийг дууссаны дараагаас буюу оны эцсээс л эхлэх төлөвтэй байна. 

Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.