Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслийг эцэслэн батлахтай холбоотой санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэхээр санал хураав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул уг хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаалаа. Тус төсөлд Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт зэрэг гурван томоохон төслийг санхүүжүүлэхтэй холбоотой зохицуулалтууд багтсан юм.