Ормузын хоолойд явуулж буй "Эрх чөлөө" ажиллагааг түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 6 /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолой дахь хөлөг онгоцуудыг хамгаалан гаргах "Эрх чөлөө" (Freedom) ажиллагааг Ирантай байгуулах хэлэлцээрийг эцэслэн боловсруулах, гарын үсэг зурах боломжийг үнэлэхийн тулд түр хугацаагаар зогсооно гэж мэдэгджээ.
"Пакистан болон бусад орнуудын хүсэлт, мөн Ираны эсрэг явуулсан ажиллагааны үеэр бидний хүрсэн цэргийн асар их амжилт, түүнчлэн Ираны төлөөлөгчидтэй иж бүрэн бөгөөд эцсийн хэлэлцээр байгуулах тал дээр мэдэгдэхүйц ахиц гарсан зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр бид харилцан тохиролцоонд хүрлээ. Хэдийгээр бүслэлтийг үргэлжлүүлсэн хэвээр байгаа боловч хэлэлцээрийг эцэслэн боловсруулж, гарын үсэг зурж эсэхийг харзнахын тулд “Эрх чөлөө” ажиллагааг (Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх) түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэлээ" гэж Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ.
Трамп өмнө нь мэдэгдэхдээ, даваа гаргаас эхлэн АНУ Ормузын хоолойд гацаад буй хөлөг онгоцуудад тусламж үзүүлнэ гэж байсан юм. Тэрбээр энэхүү тусламж нь Вашингтон, Техраны мөргөлдөөнд огт хамааралгүй улс орнуудын хөлөг онгоцуудад хамаатай болохыг тодотгосон. Мөн эдгээр хөлөг онгоц Ираны хямрал бүрэн шийдэгдэх хүртэл Ормузын хоолойд эргэж ирэхгүй гэдгийг дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, энэхүү ажиллагааг хүмүүнлэгийн үүднээс явуулж байв. Учир нь бүслэлтэд орж гацсан хөлөг онгоцуудын далайчид хүнс, өргөн хэрэглээний бараагаар гачигдаж, хүнд нөхцөлд байгаа ажээ.