2019 оны 6 сарын 6. Одоогоос бараг долоон жилийн өмнө гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгож, УИХ-аас томилсон.
Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг.
Зургаан жилийн хугацаа дуусмагц УИХ-ын дарга дараагийн хүнийг санал болгож, томилуулах ёстой. Гэтэл орных нь хүнийг санал болголгүй бараг жил болох гэж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан, Н.Учрал, С.Бямбацогт нар ажиллаж таарав. Д.Амарбаясгалан, Н.Учрал нарын үед Цэцийн гишүүнд томилгоо хийгээгүй. Харин Н.Учрал даргаар сонгогдсоныхоо Цэцийн гишүүн Л.Өлзийсайханд санал тавьж, УИХ-ын Тамгын газрын даргаар “авчирсан”. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн хоёр ч гишүүний орон тоонд томилгоо хийх ёстой ч хүлээгдсээр байна.
УИХ-ын С.Бямбацогт Цэцийн гишүүний орон тоонд томилгоо хийх талаар “ам ангайсан” ч одоогоор нэр дэвшигч санал болгоогүй байна. Томилгоо, сандал суудал солих дуртай МАН-ынхан Цэцийн дарга Г.Баясгалан дээр яагаад ийм дургүй байгааг гайхаж, бас хардахаас өөр аргагүй.
Эцэст нь онцлоход, өнгөрсөн намар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан асуудлаар Цэц хуралдах үед тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт очиж, хууль нарийн тайлбарлахгүй ч “хуучин”, туршлагатай улстөрчийн зангаргаар гомдоллож нэг, гоншигонож нэг тайлбар өгсөөр засгаа хамгаалж үлдэж байв. Тэр үед Цэцийн хуралдааныг даргалсан дарга Г.Баясгалан нэлээд хүч түрсэн байдлаар хурлыг удирдаж, С.Бямбацогт дарга УИХ-ын чуулганы дотоод дэг, процесс, ирц, гишүүдэд ялгамжтай ханддаг талаар ярисаар дууссан байдаг.
Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйл
1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
Сэтгэгдэл
Нэр