Аялал жуулчлалын улирал эхэлж, иргэдийн хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байгаа энэ үед байгаль орчны бохирдлын асуудал тулгамдсан хэвээр байсаар байна. Ялангуяа гол, нуурын эрэг дагуух бүс нутгуудад зугаалахаар очсон иргэд хогоо ил задгай хаях, хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний сав, ундаа, архины шил, гялгар уутаа орхих зэрэг дүр зураг зунаас зунд, жилээс жилд үргэлжилсээр байгаа нь байгаль орчинд асар их хор хөнөөл учруулж байгаа юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зарим аялагч хогоо буцаан авч явах хандлага ажиглагдах болсон ч, харамсалтай нь олонх нь аялсан газрынхаа байгалийг бохирдуулж үлдээсээр байна.
Зөвхөн Туул гол дагуу зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд 200 мянга орчим хүн амарч зугаалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Үүний уршгаар зөвхөн 2021 онд л гэхэд Богд уул болон Туул голын эргээс 300 гаруй тонн хог хаягдал цэвэрлэн хогийн цэгт хүргэсэн байдаг аж.
Гэвч энэхүү цэвэрлэгээний үр дүн удаан үргэлжилдэггүй бөгөөд ухамсаргүй үйлдлээс үүдэлтэй хог хаягдал байгаль дэлхийд урт хугацааны асуудлыг тарьсаар байна. Жишээлбэл, аяллын явцад хаягдсан ганцхан ширхэг гялгар уут хөрсөнд бүрэн шингэж устахад 20-100 хүртэлх жил шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэхүү урт хугацааны туршид байгаль орчны тэнцвэрт байдал тасралтгүй алдагдаж, ан амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Байгаль хамгаалагчдын мэдээлж буйгаар, ой хээрийн үнэг, чоно болон жигүүртэн шувууд ил задгай хаягдсан гялгар уут, хүнсний хогийг идэш тэжээлтэйгээ андууран залгиснаас болж хордох, дотуур цус алдах зэргээр үхэж үрэгдэх тохиолдол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.
Энэхүү замбараагүй байдал үүсэх гол шалтгаан нь орон нутагт олон нийтийн бие засах газар болон хогийн цэг байдаггүйтэй шууд холбоотой. Орон нутгийн удирдлагууд үүнд хэрхэн анхаарч ажилладаг нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй хэвээр байна.
Тэд төсөв мөнгө байхгүй гэх ганцхан шалтгаанаар дээд шатныхаа улсын байгууллагын гарыг харан суусаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй.
Ядаж аялал жуулчлалын оргил үе болох зуны цагт орон нутгаас хогийн цэгүүддээ онцгойлон анхаарч, хогийг ойр ойрхон ачиж цэвэрлэдэг тогтолцоо руу шилжих зайлшгүй шаардлага тулгараад байна. Хэрэв төр засгийн зүгээс энэхүү хог хаягдлын менежментийг гүйцэтгэхэд хүч, хөрөнгө нь хүрдэггүй юм бол үүнийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулж, хураамж, татвараар нь санхүүжүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Нөгөө талаар, зарим ухамсартай дотоодын аялагч аяллынхаа туршид тарьсан хог хаягдлаа нямбайлан ууталж, соёлтой аялахыг хичээдэг. Гэвч орон нутгийн иргэд нь өөрсдөө энд тэнд архи, пивоны шил ил задгай хаяж, цаашлаад голын усанд тоос тортогтой автомашинаа угаагаад зогсож байдаг дүр зураг хаа сайгүй гардаг.
Харин эсрэгээрээ зарим өндөр хөгжилтэй орон байгальд хог хаягдал хаях явдлыг хатуу хууль, чанга бодлогоор зохицуулж, түүнийгээ ч бодит амьдрал дээр тууштай хэрэгжүүлсээр иржээ.
Үүний тод жишээ болсон Япон улсад иргэн хүн хогоо зориулалтын бус газарт ил задгай хаясан тохиолдолд 100 мянган иенээс дээш хэмжээний өндөр торгууль ногдуулдаг аж. Мөн гудамж талбай, олон нийтийн газруудыг бүрэн камержуулж чадсан тул энэхүү хяналт шалгалт нь ямар асуудалгүйгээр маш бодитой хэрэгждэг байна. Түүнчлэн тэд зөвхөн торгоод зогсохгүй, үүссэн хог хаягдлыг төрөл төрлөөр нь нарийн ялгаж, дахин боловсруулах замаар байгаль орчинд учрах дарамтыг хамгийн бага түвшинд барьж чаддаг.
Дотоодын аялагчдын сонгодог маршрутыг ажиглавал, тэд байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын хосгүй дурсгал хосолсон Манзуширын хийд, Горхи-Тэрэлж, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Тайхар чулуу, Хөвсгөл далай, Хар зүрхний хөх нуур, Элсэн тасархай, Хэцүү хад, Алтай таван богд болон Буйр нуур зэрэг үзэсгэлэнт газруудыг голчлон зорьж байна. Ийм үзэсгэлэнт байгаль, эртний түүх соёлын арвин өвтэй улсын хувьд орон нутагт аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх асар их боломж, нөөц бий.
Үүний тулд заавал өндөр өртөгтэй, нүсэр хөшөө дурсгалууд барьж улсын төсөвт дарамт учруулахын оронд, хамгийн түрүүнд аялагчдын наад захын хэрэгцээг хангах стандарт бие засах газар болон хогийн цэгийг байгуулах нь салбарын хөгжлийн хамгийн анхны бөгөөд чухал алхам болоод байна. Гэхдээ дэд бүтцээс гадна хамгийн чухал хөдөлгөгч хүч нь аялагч бид өөрсдөө бөгөөд орон нутагт хогийн цэг байгаа эсэхээс үл хамааран тарьсан хогоо заавал машиндаа ачиж, буцаан авч явдаг соёлд суралцах ёстой. Хүн бүр өөрийгөө байгаль хамгаалагч гэдгээ гүнээ ухамсарлаж, "Би хаяхгүй бол байгаль цэвэр үлдэнэ" гэж сэтгэсэн цагт л бид онгон зэрлэг байгалиа ирээдүй хойчдоо яг энэ хэвээр нь олон зууны турш өвлүүлэн авч явж чадна. Энэхүү ухамсарт ирээдүйн түүчээ болон өнөөдөр нийслэл хот болон орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудын хог хаягдлыг сайн дурын бүлгэмийн залуус нэгдэн цэвэрлэж, нийгэмдээ эерэг нөлөөллийг үзүүлсээр байна. Тэднийг харан суулгүйгээр, иргэн бүр аялах явцдаа өөрийн байрлаж буй орчин болон тойргийнхоо хогийг санаачилгаараа цэвэрлэж хэвшвэл эх орны минь хөрс эрүүл, гол мөрөн тунгалаг байх бүрэн боломжтой юм.
3,581.94






















































зочин 2026-07-06 66.181.190.11
Тийм ээ, ирэхэд чинь ямар байсан, тэр янзанд нь, сэтгэл сайтай бол багахан ч болов дээрдүүлж цэвэрлээд буцдаг болоосой. Эх нутгийнхаа байгалийг төдийгүй энэ хорвоод ирсэн л бол мууг үржүүлж тарихгүй, сайныг дэлгэрүүлж арвижуулаад буцдаг болохыг л буян хийх гэдэг юм даа.
Нэргүй 2026-07-06 202.126.88.197
Дуртай газраа хогоо хаяна заа!
Нэргүй 2026-07-06 202.131.232.102
Iim hun amidraliig yaaj barna daa burhan urshuug
Иргэн 2026-07-06 103.26.195.203
Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хүн гэж дуулдаг хүмүүс л дээ.