Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"

Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"

Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"

Хашааны үүдээр ороход л цэцэгсийн анхилам үнэр ханхийж, өнгө өнгийн цэцэгс, модод алаглан ургасан байх бөгөөд салхинд найган шуугиж, усны хоржигнох чимээ сонсогдох нь ойн гүнд ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Үүдээр ороход явган хүний цементен зам, грааж, байшинг гурван төрлөөр барьсан байв. Мөн машин байршуулах тусгай цементэн замтай. Бусад газарт өндөр, өндөр сүрлэг модод салхины аясаар найган ганхаж, өнгийн цэцэгс алагласан ногоон бүстэй. Энэ айл бол Д.Ганхуягийнх.

Эднийх Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг.  Одоогоос 30 жилийн өмнө гэр бүлийн хүний хамт уг газрыг авч байшин барьж байжээ. Анх энэ газар улаан халцгай, шороо боссон газар байж.  Харин 2009 онд байшингийнхаа урд чацарганы мод тарьснаар хашаандаа ногоон төгөл байгуулах эхлэлийг тавьжээ.

Өдгөө нарс, улиас, голт бор, чацаргана, үхрийн нүд, долоогоно зэрэг 10 орчим төрлийн 150 гаруй мод, бут, жимсний модыг тариад байгаа аж.

Өнөөдрийг хүртэл 20 орчим жил арчилсны үр дүнд хавар шороо босдоггүй тэр битгий хэл өвөл бусад айлуудын хашааны цас хав хар байхад тэдний хашааны цас цав, цагаанаараа нарс дээр тогтсон цас үлгэрийн орон шиг харагддаг гэнэ.

Тэрбээр “Зургадугаар сарын 1-нд тэтгэврийнхээ мөнгийг аваад хүүхдүүддээ агаарлаж суух сүүдрэвч хийлгэчихлээ. Харин боломжийн үнээр хийлгэлээ, зарим нь маш үнэтэй болох юм. Дөнгөж өчигдөрхөн угсруулж дууслаа, одоо лакдана даа” гэсээр биднийг угтав. Өмнө нь ач, зээдээ зориулж байшингийнхаа урд усан оргилуур, суух сандал зэргийг хийж өгсөн бол ийнхүү хажууд нь амарч, агаарлах сүүдрэвч барьж өгснөөр хашаандаа буйдхан  амралтын газрыг байгуулаад буй.

Хашааны хаалгаар ороход үүдэн хэсэгт грааж, мод бут тайрч засаж янзлах багаж хэрэгсэл хадгалдаг байшин байрлана. Багаж хэрэгсэл хадгалах жижиг байшинд мод тайрах, хөрөөдөх хөрөө гээд дор хаяж арван төрөл. Сүх гэхэд зориулалтаасаа хамаараад мөн л арав орчим төрөл байх бол алх ч мөн ялгаагүй. Энэ бүгдийг ангилж заримынх нь зориулалтыг нэг бүрчлэн бичсэн, өрсөн, өлгөсөн байхаас л түүний хэр хөдөлмөрч болохыг илтгэнэ.

Тэрбээр “Тэтгэвэртээ гарсны дараа зуслангийн байшин авч тохижуулдаг юм билүү гэж бодсон юм. 2009 оны үед чинь зуслангийн газрууд руу  засмал зам бараг тавиа ч үгүй байлаа. Дээрээс нь хотын төвөөс хол ирж, очихдоо бараг 40 км зам туулна гэж бодоод, за за ер нь өөрийнхөө хашааг л сайхан тохижуулъя гээд 10 гаруй жил засаж янзалсаар ийм сайхан болгоод байна даа. Хамгийн анх нэг метр өндөр чацарганы үрсэлгээ авч суулгаж байсан. Улмаар гурав дахь жилээсээ жимсээ өгсөн. Тэгээд л жил бүр төрөл бүрийн мод, бут нэмсээр одоо манай хашаа 150 гаруй мод, буттай болсон. Манайх хотын төвөөс долоон километр зайтай. Хүмүүс заавал зуслангийн газар гэлтгүй хаана ч байсан хашаандаа ногоон байгууламж бий болгох боломжтой. Манай хөрш дүү нар маань хүртэл биднээс санаа аваад хашаандаа мод, жимс, ногоо тарьдаг болсон. Намар бүгд нийлээд ургацаа хурааж, ургацын баяр хийдэг. Модыг тарихдаа хоорондын зайг сайн тооцоолж багадаа 3-5 метрийн зайтай тарих ёстой. Энэ жил гүзээлзгэний мод суулгаад байна. Навчилчихсан, ургацаа удахгүй өгөх байх гээд баярлаад хүлээж байна” хэмээн хуучлав.

"Энэ бүгдийг бий болгоход дийлж баршгүй мөнгө төгрөг ороогүй. Богд ууланд богд шиг амьдарч болдог бол Хайлаастад хаан шиг амьдарч болдог гэдгийг харуулах гээд л зорьж байна даа ” хэмээн хошигнов.

Д.Ганхуяг огт зүгээр суудаггүй. Юмхнаар юм хийхийг зорьдог. Тэр ч утгаараа жижигхэн газрыг халааж болох төсөр зардалтай хялбар халаалтын төхөөрөмж шийдсэнийгээ сонирхуулав.Мөн худаг гаргаж цэвэр бохироо хүртэл шийджээ. Та багш мэргэжилтэй байж энэ бүгдийг яаж сэтгэж хийдэг юм гэхэд "фэйсбүүкээс харж судалж байгаад л хийчихдэг" гэв.

Д.Ганхуяг орос, англи хэлний багш мэргэжилтэй бол түүний эхнэр Ц.Энхтуяа эм зүйч мэргэжилтэй. Тэд Дундговь аймгийн уугуул, ханилаад 46 жил болж байгаа. Гэр бүл болоод сумандаа ажиллаж амьдарч байгаад 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотод орж ирэн, "Тавин ус" эмийн үйлдвэрийг нээжээ. Өдгөө том хүү нь үйлдвэрийнх нь үйл ажиллагааг үргэлжүүлж буй. Харин зарим үед өөрсдөө очиж тусалдаг байна.

Мод тарихад эхний гурван жил арчилгаа их шаарддаг байна. Ургаж эхэлсэн үед нь усалгааг тааруулж услах шаардлагатай гэнэ. Өвлийн улиралд цасаар манадаг. Модыг нар гараагүй үед үүрээр услах нь илүү үр дүнтэй байдаг. Ингэхдээ худгийн хүйтэн усаар биш байгальд бүлээсгэж байж усалдаг гэдийг хэлж байв.

ТЭТГЭВЭРТ ГАРЛАА ГЭЭД ЗҮГЭЭР СУУЖ БОЛОХГҮЙ

“Миний хань орон нутагтаа 16 жил багшилсан. Бид дөрвөн хүүхэдтэй, хүүхдүүдээ дандаа өндөр мэргэжил эзэмшүүлсэн. Тэтгэвэртээ гараад зүгээр суухыг хүсээгүй учир хашаандаа чацарганы мод тарьж эхэлсэн. Ингээд гурав дахь жилээсээ жимсээ өгсөн л дээ. Үүндээ урамшаад олон  төрлийн мод, бут туршсаар байгаад энэ бүгдийг бий болгоод байна даа. Одоо манайх жилдээ 100 гаруй кг чацаргана хурааж авч, өвөл буцалгаж уудагӨнгөрсөн жил зургаа орчим килограмм долоогоно хураан авсан, энэ жил 10 килограмм авна гэж тооцоолж байна хэмээн Ц.Энхтуяа ярив. Тэрбээр "Хүн тэтгэвэрт гарлаа гээд зүгээр сууж болохгүй. Харин ч илүү хөдөлгөөнтэй байж, нийгэмд идэвхтэй байх ёстой гэж боддог. Бусад өндөр хөгжилтэй оронд өндөр настнууд маш идэвхтэй байж, өөрсдийн амьдрах орчноо сайхан тохижуулдаг юм билээ. Заавал улс тэгэх ёстой, ингэх ёстой гэж хүний гар хардаггүй. Үр хүүхдэдээ хөдөлмөрөөр зааж сургахыг хичээдэг. Адаглаад хогоо ангилаад хаяж сурах хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд хогоо байнга ангилж хаядаг. Хүнсний ногооны хальсаа хаяхгүй хадгалаад бордоо хийдэг. Энэ мэт хүн байгаа орчиндоо сайхан амьдрах боломжтой.

Бид хоёр өвөл орон сууцанд байж байгаад дөрөвдүгээр сараас эндээ ирж модоо арчилж, ач зээгээ харна. Өвөл цасаар маначихдаг учир хавар цас хайлахаар сайхан байгалийн усаар чийгээ авчихдаг. Зун борооны ус тосоод түүгээрээ бас усалдаг. Худгийн усаар усалснаас илүү шимтэй байдаг.

Ингэж суух минь бидэнд таатай байдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулж байгаа л гэсэн үг.

Манай хүн бид хоёр аль болох хөдөлж амьдрах орчноо сайхан байлгая гэж боддог. Хамгийн сүүлд гүзээлзгэнэ тарилаа. Цэцэглэчихсэн байна, түүнийгээ хараад баярлаад л байна. Өөрсдөө идэхээс гадна зарсан чиг л болж байна. Одоо бол бид хоёр үүнийгээ хобби болгочихсон, энэ бүгдийгээ харж баярлаж, үр хүүхэд шигээ хайрладаг болсон. Манай хүн өглөө эрт босоод л услаад л, тайрч янзлаад  зүгээр суудаггүй. Аливаа зүйлийг хийхэд тууштай байх хэрэгтэй. Олон төрлийн мод бут тарих нь харагдах байдлаасаа  үзэмжтэйгээс гадна өөрсдийнх нь эрүүл мэндэд цаашлаад агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна"  гэсэн юм.

Мод тарих нь зөвхөн ногоон байгууламж нэмэх ажил биш. Агаарын бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах, усны нөөцийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхмуудын нэг юм.
Нас бие гүйцсэн нэг мод жилд дунджаар 20–22 кг нүүрсхүчлийн хий шингээдэг. Хот суурин газрын мод, ногоон байгууламж агаар дахь бохирдуулагч тоосонцрыг 15–30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үздэг.
Нэг том мод өдөрт 100–300 литр хүртэл ус ууршуулж, орчны температурыг зохицуулахад нөлөөлдөг тул мод ихтэй бүс хотын хатуу хучилттай хэсгээс 2–8 хэмээр сэрүүн байх боломжтой.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 122.201.20.153

Гайхамшигтай хөдөлмөрч хүмүүс юм. Амжилт хүсье!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.76

Мундаг шүү🥰

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.77

Ajilsag ger buld bayr hurgie

Avatar

Зочин 11 цагийн өмнө 202.179.18.218

Нийгэмдээ гайхамшигтай сайхан үлгэр жишээ болон гялалзан байгаа мундаг ахмад 2 буураадай улам их амжилтыг хүсэн ерөөе. Үнэн үнэн та 2 "ХААН" шиг л Бахархамаар сайхан амьдарч байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2026-06-08 124.158.122.220

Ажилсаг хичээнгүй та бүхэн минь урт наслаж удаан жаргаарай

Avatar

Цагааны Чинбат 2026-06-08 66.181.187.105

Сайн байцгаана уу
Цэвэл багшийн Ганхуяг мөн шиг харагдана.
Сайхан ажил, хоби болж. Амжилт

Avatar

Иргэн 2026-06-08 202.126.89.131

Ажилсаг хүмүүс үр дүнгээ үзжээ, цэвэр, бохир усны системд холбогдох биздээ.

Avatar

Ганхуяг 2026-06-08 103.80.211.187

Юнилос цэвэрлэх байгууламжтай

Avatar

Нэргүй 2026-06-08 150.228.177.231

Анхаарч, анзаарч сайн уншваас олон талын сургамж авах нийтлэл байна. Бидний тэтгэврийн насныхан одоо ч энэ байдлаараа нийгэмд дэм болж л явна. Настнуудыг ад үзээд, үхүүлэх гээд байдаг цөөн хэдэн, эцэг эхийн халамж үзээгүй, харгис гараар өсөж , тэднийгээ үзэн ядаж ирсэн залуус үүнийг тогтож нэг уншаасай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж