Сурвалжлага: Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл

Сурвалжлага: Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл

Сурвалжлага: Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

“Байр ч яах вэ гэж боддог болсон. Зүгээр л мөнгөө л авмаар байна…” хэмээн дөрвөн жилийн турш шүүх, прокурорын үүд сахиж, цөхрөнгөө барж яваа хохирогчид өгүүлж байна.

“Алдсан хүн арван тамтай” гэгчээр өөрийн гэсэн орон сууцтай болохыг мөрөөдөж, хуруу хумсаа хугалан байж хуримтлуулсан хамаг мөнгөө залилагчид гарт алдсан хүмүүс  өнөөдөр хоосон хашаа ширтээд сууж буй нь дэндүү гунигтай. Үүний улмаас олон олон гэр бүл байргүй, мөнгөгүй, эцэстээ бүр үл ойлголцож бүтэн байсан гэр бүл тал болж байна. Хууль хяналтын байгууллагаас сайн мэдээ хүлээх хугацаанд нас нөхчсөн хүн цөөнгүй.

Үүний нэг залилангийн жишээ нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “TОK TOWN” хэмээх төсөл. Анх 2022 онд нийслэлийн баруун бүсэд хэрэгжинэ гэж зарлагдсан уг орон сууцны төслийн захиалгыг “Төгс орд капитал” ХХК олон нийтээс авч эхэлжээ. Тус компани хотхоны байруудыг 2023 оны есдүгээр сар, цаашлаад 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна хэмээн иргэдтэй гэрээ байгуулж, урьдчилгаа болон 100 хувийн төлбөрийг нь урьдчилан авсан байдаг. Тэд анх төслийн сурталчилгаагаа хийхдээ олны танил эрхмүүдийг татан оролцуулж, хэвлэл мэдээллээр маш сүржин, далайцтай ухуулга хийж байсан нь иргэдийг залилах гол өгөөш болжээ.  Биднийг төслийн талбайд очиход том хар цоожоор цоожилсон хашаа угтав. Хашааны завсараар арайхийж дотогш нэвтэрч орвол, тэнд хэдэн жилийн турш барилгын ямар ч үйл ажиллагаа явагдаагүй ухсан нүх угтсан. Эргэн тойрондоо шарилж ногоонд дарагдаж, хэдэн зэвэрсэн арматурын төмөр, ганц жижиг трактор хөсөр хаягджээ. Нэг хэсэгт нь зоорийн давхраас  дээшлээгүй барилгын цутгамал карказаас өөр юу ч үгүй  хоосон газар хоцорсон байх нь тэр.

БИД АЛДАНГИ, ХҮҮ НЭХЭЭГҮЙ  ӨГСӨН МӨНГӨӨ Л БУЦААЖ АВМААР БАЙНА

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Хохирогч А.Түмэн-Өлзий хэлэхдээ "Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр тухайн компанид хоёр өрөө байрны урьдчилгаа гэж 60 сая төгрөг өгсөн. Гэтэл өнөөдөр энэ мөнгө хоёр өрөө байтугай нэг өрөө байрны үнэд ч хүрэхгүй хэмжээнд инфляцад идэгдчихээд байна. Тэд анх барилгын ажлыг 2023 оны 3-4 дүгээр сард эхлүүлж, улмаар 2023 оны арванхоёрдугаар сар гэхэд бүх айлдаа түлхүүрийг нь гардуулна гэж байсан.

Сүртэй зураг төсөл, реклам сурталчилгаа их явуулсан болохоор энэ хавийн иргэд ‘Энд урьд өмнө нь байгаагүй гоё, сайхан орон сууц баригдах нь’ гэж ам сайтай байсан тул би ч бас зураг төслийг нь хараад, ямар ч судалгаагүйгээр шууд итгэж мөнгөө өгсөн. Тэрхүү зураг төслөөр бол голдоо хүүхдийн тоглоомын төвтэй, доороо хоёр давхар үйлчилгээний нэгдсэн төв бүхий нийт 3 блок барилга баригдах ёстой байсан.

Гэвч тэд 2023 оны 5-6 дугаар сард цутгалтын ажлыг хэдхэн хоног хийсэн болоод л бүрмөсөн зогсоочихсон. Эхний хоёр жил ‘Бариад дуусчих байх’ гэж горьдлого тавин хүлээсэн ч дараагийн жилээс нь компанийн ажилчид нэг нэгээрээ алга болсоор, сүүлдээ бүр олдохоо байсан. Үүнээс болж гэр бүлд маань  хэрүүл маргаан гарч, амьдрал хэцүүдэж байна. ‘Зовж зовж олсон хэдэн төгрөгөө ингээд салхинд хийсгэчихлээ’ гэх харамсал дунд гэр бүлээрээ сэтгэл зүйн асар их дарамтад орсон.

Биднээс гадна хохирогчдын дунд түрээсийн байраар амьдарч байгаа, банкнаас өндөр хүүтэй зээл аваад өгчихсөн, өвчтэй зовлонтой маш олон хүн бий. Миний мэдэж байгаагаар энэ байрыг хүлээж чадалгүй дөрвөн хүн нас барсан.

Саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр тус компанийн холбогдох хүн болох н.Мөнх-Оргил гэгчтэй уулзахад "Би та нарын хохирлыг барагдуулна" гэж хэлсэн. Гэвч нөгөө захирал болох н.Цэдэвсүрэн гэгч нь бүр ор сураггүй алга болсон. Бидний нийт хохирлын хэмжээ 6 тэрбум гаруй төгрөг юм билээ. Гэтэл тэд одоо энэ босгосон ганцхан B1 давхартаа "5 тэрбум төгрөг зарцуулсан" гэж улаан цайм улайхгүй худал хэлж сууна.

Миний хувьд болон бусад бүх хохирогчдын хувьд алданги, хүү нэхээгүй. Зүгээр л анх өгсөн мөнгөө л буцааж авмаар байна.

Миний нэг танил хоёр байр захиалсан юм. Хүүхэд нь хүнд өвдөөд гадаад руу эмчилгээнд явахаар болж, "Ядаж ганц байрныхаа мөнгийг өгөөч" гэж уйлж гуйхад нь хүртэл тус компани эзэд мөнгийг нь өгөөгүй, тийм л хүн чанаргүй хүмүүс.

Бусад хүмүүст зөвлөхөд, манайх шиг зураг төсөл харж мөнгөө битгий өгөөрэй. Үнэтэй байсан ч хамаагүй, ядаж бэлэн баригдаад ашиглалтад орчихсон, нүдэнд харагдах найдвартай байрнаас сонголт хийгээрэй гэж аминчлан захимаар байна" гэлээ.

Иргэдийн гар дээр байгаа гэрээнүүдэд байрны м.кв үнэ, төлбөрийн нөхцөл, байршил, ашиглалтад оруулах хугацаа зэрэг заалтууд тодорхой тусгагдсан. Төлбөрөө бүрэн төлсөн ч байр нь хугацаандаа ашиглалтад ороогүй  аль заалт нь бодитоор хэрэгжээгүй гэдгийг хохирогчид хэлж байна. Компани зүгээс ашиглалтад орох хугацааг удаа дараа хойшлуулж, “Удахгүй улсын комисс орно”, “Инженерийн асуудал дуусч байна” гэх хуурамч тайлбараар хууран мэхэлсээр иржээ. Мөн гэрээнд зааснаар захиалагч нь төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд 100 хувь төлсөн тохиолдолд гэрээг нэг удаа шилжүүлэх боломжтой аж. Байр хүлээн авахдаа талбайн зөрүү, эвдрэл гэмтлийг шалгах үүрэгтэй гэж тусгажээ. Харин гүйцэтгэгч тал 2023 оны гуравдугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан байна. Хэрэв хугацаанаас 90 хоногоос илүү хоцорвол хоног тутамд үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгажээ. Түүнчлэн захиалагч төлбөрөө бүрэн барагдуулж, улсын комисс барилгыг хүлээн авсны дараа албан ёсны зөвшөөрлөөр байранд оруулах нөхцөлтэй байхаар заасан байна. Байр хүлээлцэх актад хоёр тал хамтран гарын үсэг зурж, үүнээс хойш ус, цахилгаан, засвар үйлчилгээ зэрэгтэй холбоотой асуудлыг хариуцахаар тусгажээ.

"БАЛГАС БОЛСОН ГАЗРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРУУЛЖ, ХОХИРСОН ИРГЭДИЙН МӨНГИЙГ ӨГӨӨСЭЙ"

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Д.Лхамжавын хувьд энэхүү барилгын төсөлд нийт 75 сая төгрөг өгч хохирчээ. Настай аав ээжийнхээ тэтгэвэрийн зээлийг авч, ханьтайгаа өдөр шөнөгүй зүтгэж цуглуулсан хамаг л амьдралынх нь баталгаа болсон хөрөнгө байжээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй, санхүүгийн хүнд дарамт дунд байна.

Анх хоёр өрөө байр захиалж,  байдгаа шавхсан ч байр нь ашиглалтад ороогүй тул түрээсийн байраар амьдарч эхэлжээ. Зээл болон түрээсийн төлбөрөө зэрэг төлөх боломжгүй болж, эцэст нь арга мухардахдаа айлын хашаанд гэр барин амьдарч байна. Орох орон ч үгүй, өрийн сүлжээнд орсон тус гэр бүл сэтгэл зүйн асар том хямрал, хүндрэлийг туулж байгаагаа хэлж байлаа.

Хохирогчдын цуглуулсан мэдээллээр, иргэдийн өгсөн тэрхүү их хөрөнгөөр компани зориулалтын бусаар буюу ‘TOK TOWN’ гэх өөр нэгэн таван давхар барилгыг барьсан болох нь тогтоогджээ. Тиймээс төр засаг үүнийг нэн даруй анхааралдаа авч, тухайн газар болон бусдын мөнгөөр барьсан тэрхүү барилгыг нь хураан авч, зарж борлуулан хохирогчдын хохирлыг яаралтай барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ бол анхнаасаа байр ашиглалтад оруулах зорилгогүй, зохион байгуулалттай, бүлэг залилан байсан гэж үзэж буйгаа хэлж байлаа.

Түүний ард Мөнх-Оргил, Бямбажав, Цэдэвсүрэн, Шүрэнцэцэг, Оюунсолонго гэх мэт нэр холбогдсон 5-6 гэмт хэрэгтнүүд байгаа гэв. Компанийн удирдлагууд хохирогчидтой уулзах болгондоо дандаа худлаа ярьж, хууран мэхэлдэг. Хамгийн сүүлд уулзахад тэд "Манайд шохойн орд байгаа, түүнийгээ зараад та бүхний хохирлыг барагдуулж өгнө" гэж хэлжээ. Гэвч тийм орд байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй. Энэ бол тэдний ярьдаг ээлжит ‘үлгэр’, цаг хожих гэсэн заль мэх хэмээн ярив. Ялангуяа Цэдэвсүрэн, Мөнх-Оргил гэх хүмүүс дандаа худал амлалт өгдөг байна. Тэрбээр эцсийн дүндээ төр засгаас энэ балгас болон үлдсэн газрыг хуулийн дагуу эрх мэдэлдээ авч, дуудлага худалдаагаар оруулан, хохирсон иргэдийн үндсэн мөнгийг нь гаргаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж, шаардаж байна гэлээ.

БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ГАРАХГҮЙ БАЙГАА УЧРААС ХАХУУЛЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭСЭН 

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Иргэн Э.Болдмандах хэлэхдээ "Би 2022 оны долдугаар сарын 5-нд 82 сая 350 мянган төгрөгийг 100 хувийн урьдчилгаа төлөлтөөр өгсөн. Баянзүрх дүүрэгт амьдардаг, энэ хавийг сайн мэддэг болохоор, мөн таньдаг мэддэг асар олон хүн энд захиалга өгч, шуурч байна гэхээр нь итгээд "Хурдан баригдчих байх" гэсэн горьдлогоор захиалсан юм. Гэтэл 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл бүтэн дөрвөн жил өнгөрлөө.

Би ам бүл тавуулаа, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Жилийн хугацаанд баригдаж ашиглалтад орох байр гэж итгэж байсан ч өнөөдөр орох орон ч үгүй, идэх хоолноос авахуулаад амьдрал маань үнэхээр хэцүү байна. Бидэнд учирсан бодит болон бодит бус хохирол асар их байна. Одоо нэгэнт байраа барихгүй нь тодорхой болсон тул дүүрч, зүгээр л мөнгөө буцааж авмаар байна.

Энэ хэргийн ард цэвэр залилангийн сүлжээ явж байна. Анх ‘Төгс орд капитал’ ХХК-ийн захирал нь Бямбажав гэдэг хүн байсан. Дараа нь Цэдэвсүрэн, түүний дараа Мөнх-Оргил, дунд нь бас Шүрэнцэцэг гэдэг хүн рүү компаниа шилжүүлэх зэргээр дотроо баахан жүжиг тоглосон. Энд нийт 100 шахуу хохирогч иргэн байна. Саяхан УИХ-ын Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр н.Мөнх-Оргил гэгч нь "Би 2025 онд захирал болсон, өмнөх асуудлыг мэдэхгүй" гэж яриад байна лээ. Гэвч энэ хүн бол анхнаасаа л байсан. Биднийг анх гэрээ хийж байхад энэ хүн хажууд нь байж л байсан.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Анх барилгын талбай дээр өдөр шөнөгүй машин техник явж, ажил өрнөж байгаа мэт харагдуулдаг байсан болохоор л бид маш их итгэсэн хэрэг.

Барилга 2023 онд багтаж баригдахгүй нь ойлгомжтой болмогц би Улаанхуарангийн тэнд байдаг оффис дээр нь очиж уулзсан. Тэгэхэд тухайн үеийн захирал н.Цэдэвсүрэн нь "Барилгын зөвшөөрөл гарахгүй байна. Түүнийг гаргахын тулд бид нар хахууль өгөх ёстой болчхоод байна. Би хахууль өгмөөргүй байна" гэж хэлж байсан. Бодохоос ч ичмээр, биднийг залилж мөнгийг маань авчхаад, эргээд барилгын зөвшөөрөл гаргах хүмүүс хахууль аваагүйн төлөө биднийг буруутгаж байгааг нь гайхаад бардаггүй.

Хэрэв барилгын явц 80-90 хувьтай байгаад зогссон бол бид өөр зүйл ярихсан. Гэтэл шорооноос нь ч босгоогүй, суурийг нь ч ухаагүй байж биднийг буруутгаад байгааг огт ойлгохгүй байна. Энэ бол яах аргагүй төлөвлөгөөт, цэвэр залилан мөн" гэлээ.

БАЙРАНДАА ОРСОН БОЛ МАНАЙ ГЭР БҮЛ ЭЛЭГ БҮТЭН БАЙХ БАЙЛАА

Иргэн М.Амарсанаа 2021 онд байр захиалжээ. Сошиалаар дүүрэн гоё зураг, “тун удахгүй ашиглалтад орно” гэх реклам, тансаг амьдрал амласан сурталчилгаанд итгэж байр, автомашинаа зарж, нийт 114 сая төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн байна. Гэвч дөрвөн жил өнгөрөхөд барилга нь баригдаж ч эхлээгүй аж.


Тэрбээр "Анх тухайн компани  Баянзүрх дүүргийн 38-р хороонд байрлах "Cinemanext" кино театрын урд барьсан 16 давхар орон сууцны төслийг бид  хугацаандаа гүйцэтгэж  байсан гэж танилцуулсан. Тиймээс тэдэнд бүрэн итгэж, хашаа байшингаа зараад 116 сая төгрөгөө өгсөн. Тухайн үед маш их зар сурталчилгаа явж, хямд үнэ, өргөн сонголтыг санал болгож байлаа.

Уг нь барилгын ажил 2023 оны хавар эхлэх ёстой байсан ч огт эхлээгүй. Тэр үеэс л бид залилуулж байгаагаа гадарлаж эхэлсэн. Дараа компанийн хүмүүс утсаа авахаа больж, барилгын талбайд хүн хүч, материал татагдахаа байснаар барахгүй харуул хамгаалалт нь хүртэл алга болсон. Ингээд л хууль хяналтын байгууллагаар явж эхэлсэн. Гэхдээ одоо хүртэл цагдаагийн шалгах ажил маш удаан, эцэслэн шийдэгдэхгүй байгаа.

Тухайн албаныхан үүнийгээ аудитын болон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэж тайлбарладаг. Хэргийг удаашруулж буй өөр нэг шалтгаан нь нөгөө компаниудтай холбоотой шүүхээс улсын бүртгэлийн нэр, регистр, хаягийг нь шүүхээр бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүйн дээр компанийнхаа нэрийг ойр ойрхон сольж, анх "Төгс орд капитал" ХХК байснаа одоо "Танан орд капитал" болж өөрчилсөн байна. Тэд иргэдэд байр худалдахдаа заримд нь 1 м.кв-ыг 1.2 сая, заримд нь 1.5 сая төгрөгөөр тооцож, бэлэн мөнгөнөөс гадна машин тэрэг зэрэг бартер оролцуулан авсан байдаг. Манай цагдаа, шүүхийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, эрэн сурвалжлах хүсэлтийг бие бие рүүгээ буцааж шидсээр цаг хугацаа алдсаар байна.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Энэхүү залилангаас болж миний амьдрал орвонгоороо эргэж, зургаан сарын хугацаанд гэр хороололд байраа хүлээж амьдарч байгаад шинэ байрандаа орно гэсэн төлөвлөгөө маань нурж, үүнээс үүдэн эхнэр бид хоёрын харилцаа таарамжгүй болсоор эцэст нь гэр бүл маань салсан.

Эхнэр маань "Бүх зүйл чиний буруу, чи ганц сагсанд бүх өндгөө хийсэн, чи эд нартай нийлж луйвар хийсэн" гэж хардсаар салсан.  Одоо дөрвөн хүүхэдтэйгээ байр түрээслэхэд байрны түрээсэнд 13.5 сая төгрөг, ашиглалтын зардал, кабель, тог, интернет, хүүхдийн фонтны мөнгө, хоолны мөнгө гээд 20 сая төгрөг хол давсан зардал гардаг. Надтай адил олон хохирогч байдгийн дотор байраа хүлээж чадалгүй нас барсан хөгшин хүмүүс, гадагшаа явах эмчилгээний зардалгүй болсон хүмүүс гээд маш олон хүн хувь заяа нь сүйрч, мөнгөө нэхэхээр тухайн компаниас огт хариу өгдөггүй ийм хүн чанаргүй хүмүүсийн хоолойгоор хоол нь яаж давдгийг хэлэх муу үг ч олдохгүй байна. Тухайн үед тушаасан 116 сая төгрөг маань одоогийн инфляцаар тооцвол нэг нугарчихсан байх ёстой ч би илүү дутуу зүйл хүсэхгүй. Зөвхөн өөрийнхөө өгсөн мөнгийг л буцааж авмаар байна. Өнөөдрийн амьдралаа бодохоор сэтгэл санаагаар маш их унаж хэцүү байгаа ч хүүхдүүдээ хаяад архинд оролгүй хичээсээр явж байна. Хэрэв өдийд байрандаа орчихсон байсан бол манай гэр бүл элэг бүтэн байх байлаа" гэв.

ИРГЭД ОЛОН ЖИЛ ЦАГДАА, ШҮҮХИЙН ХҮНД СУРТАЛТАЙ ТУЛГАРЧ БАЙНА

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг:

-Бид орон сууцны залилангийн асуудлыг хоёр хувааж, харж байгаа. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин хийдэлтэй байгаа учраас барилгын салбарт хүний итгэл дээр тулгуурласан залилан маш их гаарлаа. Үүнийг таслан зогсоох ёстой. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарна. Ингэхийн тулд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард иргэдээс саналуудаа авч, хэлэлцүүлэг хийж, хууль санаачлагчид ийм саналууд тусгах шаардлагатай гэдэг хүсэлтээ хүргүүлсэн. Хоёрт, одоо хохирсон иргэдэд төр юу хийж чадах вэ. Улсын бүртгэл нь, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон сууцны асуудал нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яаман дээрээ байдаг учраас хариуцах эзэнгүй үлдсэнээс иргэд олноор хохирч байна. Ийм нөхцөл байдалд хүргэсэн юм чинь одоо иргэдийнхээ асуудлыг чадах чинээгээрээ шийдэх ёстой. Мэдээж бүх асуудлыг 100 хувь шийдэж чадах эсэх дээр итгэлгүй байна. Яагаад гэвэл бидэнд хандсан өргөдлийн зарим нь анхнаасаа залилан хийх зорилгоор иргэдэд цаас үзүүлж, их хэмжээний мөнгө авч, гадаад руу зугтсан хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг эрэн хайгаад, гадаад руу явсан бол яах вэ. Эсвэл төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд нь байгаа мөртлөө санхүүгийн хүндрэлд орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айлуудын газрыг чөлөөлж, барилга барьчихаад олон жил гацаж, царцсан гэдэг тайлбарыг өгдөг. Тиймээс хохирсон иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлж, орон байртай болгох нөхцөлийг бүрдүүлэх шийдлийг гаргаж болно.

Төрөөс энэ асуудалд анхаарч, нэгэнт ийм болсон нөхцөл байдлыг хамгийн бага хохиролтой байлгах үүднээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарахаар хянан шалгах үүрэгтэй Ажлын хэсэг байгууллаа.

Өргөдлийн байнгын хороо иргэдийн санал гомдолд тулгуурлаж, мэдээж хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч, ажиллана. Мөн орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газарт шахалт үзүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцүүлэгт цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын төлөөлөл ирж, оролцлоо. Иргэдийн зүгээс цагдаа, шүүхийн байгууллагаар олон жил явж, байцаагч нь байнга өөрчлөгддөг гээд хүнд суртал их байгааг хэлж байсан. Тиймээс иргэдийн асуудлыг ямар нэгэн хүнд сурталгүйгээр хурдан шуурхай шийдэж өгөхийг иргэдийн төлөөлөл болж байгаа УИХ-ын гишүүдийн хувьд шахаж, шаардаж ажиллана.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Өөрийн гэсэн байртай болно гэж мөрөөдсөн гэр бүл өнөөдөр өр зээл, сэтгэл санааны дарамтад орсоор байна. Дээр нь хохирогчид зөвхөн залилуулагчдад биш, мөн хууль хяналтын байгууллагын удаашралд давхар хохирдог. Хуулиар ийм төрлийн хэргийг 60 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Харин бодит байдал дээр хэрэг нь хэдэн жилээр сунжирдаг. Шүүх хойшилно. Прокурор буцаана. Мөрдөн байцаалт гацна. Энэ хооронд залилсан этгээдүүд хөрөнгөө шилжүүлж, компаниа хааж, өөр нэрээр дахин үйл ажиллагаа явуулдаг гэх гомдол тасардаггүй.

Хууль иргэдийг хамгаалах ёстой болохоос биш залилуулагчдад хугацаа хожих боломж олгох ёсгүй. Гэвч энэ нь манайд эсрэгээрээ. Түрүүлж мөнгөө авсан нь хождог, итгэсэн нь хохирдог тогтолцоо бий болжээ.

Хэрэв төр энэ асуудалд бодитой арга хэмжээ авахгүй бол “Байр ч яах вэ, мөнгөө л авмаар байна” гэх үг мянга мянган иргэдийн нийтлэг хувь тавилан болох нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодит байдал 1 минутын өмнө 103.57.94.221

та нарын мөнгийг луйвардаад тэд мөнгөтэй болцгоожээ!.Одоо Монголд мөнгөтэй хүнтэй мөнгөгүй хүн заргалдаад юу ч олж долоохгүй,яана даа

Avatar

Ток товн захиалагч 10 цагийн өмнө 202.9.40.189

1 тэрбум буцаан олгллт хийсэн гэж авч бналээ. Худлаа ойр дотны хүмүүсийн хэджн буцаалт хийсэн гэсэн. 4 жил болж бна. 100 гаран саяар захиалга хийсэн одоо тэр мөнгө 1 өрөө байр ч хотын захад авч хүрэхээ байлаа. Цагдаа прокурор нь битүүмжилсэн хөрөнгө нь барилгын суурь оффисифийн 4 өрөө байгаа юм. Тэгснээ та нар хэтэрхий хожимдож гомдол гаргасан гсэн юм ярьсан. Энэ луйварчид нь бүр даварцан өмгөөлөгч авцан байх шиг. Хүний мөнгө луйвардсан хүнийг бас зөв гэж өмгөөлөх. Төр засаг бол нээрэн худ юм бн

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.9.78.107

Хөгжил ирэхгүй ээ энэ улсад чинь! Парламентийн засаглал танай улсад тохирохгүй.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 103.168.34.70

Улс орныг төргүй болгож, 15 толгойтой атгаалжин хар мангасад бариулсан 1992 оны Үндсэн хуулийн гай чинь энэ шүү дээ. Төр ажлаа хий гэж хэнд хэлээд байгаа юм бэ? Хийж байгаа ажил нь л энэ шүү дээ.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.11.193.30

Зүгээр тодорхой байна шүүдээ. Төр гэдэг юм байхгүй болсонтой адил байна. Ингэж луйварчид оодроод залилаад, луйвардаад эхэлвэл төртэй байхын хэрэг юун. Төр ажлаа хийгээчээ.

Avatar

ИРГЭН 11 цагийн өмнө 202.55.186.137

Залилагчдын өөрсдийнх нь хөрөнгийг хурааж аваад үнэлбэл овоо хэдэн тэрбум болно доо. Эхний ээлжинд ил, далд хөрөнгүүдийг нь илрүүлж, битүүмжлэх хэрэгтэй юм байна даа.. Хүмүүсийг зовлонд унагаасан хүмүүс өөрсдөө ийм амьдралаар амьдарч үзэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.9.78.107

Чиний мэдэх юм биш улаан коммунистаа чам шиг ул иргэн шүүгч хийгээд шүүдэг юм биш!

Avatar

Нэргүй 2026-05-28 202.55.188.121

хамаарал бүхии этгээдүүдийг бүгдии нь баривчлаад дээд тал нь 20н жил,доод тал нь 15н жил өгнө гэвэл дор нь гаргаад л төлнө.ихэнхи мөнгө нь луйварчдын хаус,үнэтэй машин,хадгаламж болоод л хувирцан бгаа.өндөр ял тулгангуут л айсандаа гаргаад өгчнө.хятадад байсан бол шууд цааз!!!!

Avatar

Нэргүй 2026-05-28 43.242.242.59

Одоо үед чинь ёс суртахуун дэг журам сахилга бат гэдэг зүйл алга болсон. Харин залилан, хар тамхи, завхаарал, авилгал, шантааж газар авч цэцэглэсэн. Түүн дээр улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл муу болгоны эхлэл өдөөгч болж байна. Иргэд ч гэсэн муу муухайг дэмжих хандлагатай байдаг нь нийгмийн ёс зүй доройтоход хүрсэн. Иргэд бурууг бусдаас хайдаг болсон .Юм болгонд төр рүүгээ дайрч төрөө татаж унагаахыг боддог. Нэг бодлын гадны гар хөл мэт болсон.Ийм байхад улс орон яаж хөгжих билээ

Avatar

Зиндаа 2026-05-28 66.181.191.245

Бархүү Одноо хоёроор рекламдууулаад байсан хэн билээ нөгөө зиндаа гээд поп.Үйлийн үр чинь хэдэн үеэр чинь дамжина даа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.9.78.107

Тэд нарт ямар хамаа ч бхгүй арчаагүй амьтан

Avatar

Нэргүй 2026-05-28 66.181.161.104

Дүүрэг нь Баянгол биш банзүрх дүүрэг шүү дээ мэдээллээ нягталж гаргаачээ.Би бас нэг хохирогч нь бна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.9.78.107

Тэр хамаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж