БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2026-06-23 17:32:36

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын монгол, энэтхэгийн албаныхан Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай өнөөдөр танилцлаа.


Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн инженер техникийн ажилтан, хамт олон угтан авав.


“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрбээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсарч байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна.


Сонирхуулахад, цамхагийн өндөр нь 58.4 метр, диаметр нь 3.2 метр, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.


Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээлэв.














Холбоотой мэдээ