Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Австралийн жүдо бөхийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнээ өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулжээ.
Тус тэмцээнд Австралийн Сидней хотод үйл ажиллагаа явуулдаг Т.Мөнгөнтуяа, А.Өнөрмөнх, Кайхан Такаги дасгалжуулагчтай “U champ academy” клубын 10 тамирчин оролцохдоо гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, өсвөрийн ангиллын охидын 35 кг-ын жинд Ч.Марал, хөвгүүдийн 49 кг-д Б.Сэргэлэн нар алтан медалиар энгэрээ мялаасан бол хөвгүүдийн 60 кг-д Б.Цолмонбаатар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн тус клубын дасгалжуулагч, Кайхан Такаги насанд хүрэгчдийн +100 кг-ын жинд түрүүлсэн байна.
Тус клубын тамирчид ганцаарчилсан тэмцээнээс гадна багийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ. Сидней хотод үйл ажиллагаа явуулаад нэг жил болж буй жүдо бөхийн “U champ academy”-ийнхан анхны томоохон тэмцээнээ нийт таван алт, нэг хүрэл медаль хүртжээ.
Ташрамд сонирхуулахад, Кайхан Такаги энэ сарын 19-21-нд манай улсад болох Улаанбаатарын "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдөхөөр Австралийн багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр дасгалжуулагч Т.Мөнгөнтуяагийн хамтаар ирэх долоо хоногт Монголд ирэх нь ээ.





